Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "Цагаан Алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "Цагаан Алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдтэй уулзаж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй жижиг дунд үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй О.Адъяадолгор ноосон бүтээгдэхүүний жижиг үйлдвэрлэлээ хэрхэн эхлүүлсэн талаараа танилцууллаа. Тэрбээр “Хувийн хэвшилд ажиллаж байгаад 2023 онд холбогдох сургалтад хамрагдан ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. 2025 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 15 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авч, тоног төхөөрөмж болон түүхий эдийн нөөцөө бүрдүүлснээр цэвэр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөж, тодорхой тооны ажлын байр бий болгохоор зорьж” буйгаа хэлэв.

Монгол гутал урлаач А.Чимгээ Нийтийн аж ахуйн үйлчилгээний техник, мэргэжлийн сургууль төгсөөд 42 жилийн турш монгол гутал урлажээ.  2025 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас найман сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмж, хээ угалзны хэвээ шинэчилснээр таван хүнийг байнгын ажлын байраар хангаад байгаа аж.

Ерөнхийлөгч уулзалтын үеэр иргэдийг ажлын байраар хангаж, татвараа төлөн эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй баялаг бүтээгчид, тэр дундаа өрхийн үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ онцолж, талархал илэрхийлэв. “Цагаан алт” үндэсний хөтөлбөр нь мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх зорилготой юм. Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, түр болон байнгын ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, 2025 онд 174 иргэн гурван жилийн хугацаатай, барьцаагүй, хүүгүй, 20 сая хүртэл төгрөгийн зээл авч, нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтэд хамрагджээ. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд 368 иргэн нийт 3.1 тэрбум төгрөгийн зээл авч арьс, шир, ноос, ноолуурын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа аж. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан сургалт, төсөл, хөтөлбөр болон жижиг зээлийн санхүүжилтийг “Цагаан алт”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр арга хэмжээ нь ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.