Н.Алтанхуягийн хэргийг улс төрийн агуулгаар тайлбарлах нь шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл гэж ШЕЗ үзэж, мэдэгдэл гаргажээ

Н.Алтанхуягийн хэргийг улс төрийн агуулгаар тайлбарлах нь шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл гэж ШЕЗ үзэж, мэдэгдэл гаргажээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд энэ сарын 10-ны өдөр шийдвэрээ танилцуулсан билээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин уг шийдвэрийг улс төрийн зорилготой гэхчлэнгийн шүүмжлэл ихээр гарах болсон. Тэгвэл энэ нь шүүхийн хараат бус байдалд халдсан үйлдэл хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үзэж, мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд "Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой 42 хүн болон гурван хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хэргийн оролцогчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд, зарим шүүгдэгч, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагад холбогдох гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Сүүлийн өдрүүдэд шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох хэргийг өмнө нь цагаатгаж шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин шийдвэрлэхдээ өөр шийдвэр гаргасан байдлыг улс төрийн агуулгатайгаар холбон мэдээлж байгаа нь олон нийтийн төөрөгдүүлсэн, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.

Шүүгч өөрийнхөө өмнө гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэр гаргасан тохиолдол нь шүүхийн практикт цөөнгүй гардаг бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хуульд заасан журмын дагуу дээд шатны шүүхэд гомдлоо гаргаж хянуулах бүрэн эрхтэй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь хэргийн бодит байдлыг тогтоох, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүүгийн хэргийг хөдөлбөргүй нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх зарчмыг хангах зорилготой байхад үүнийг улс төрийн агуулгаар тайлбарлах нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд том сөрөг нөлөө үзүүлнэ. 

Шүүх Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу түүнийг гэм буруутай эсэхийг дүгнээгүй, шүүхийн процесс үргэлжлэн явагдаж байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн үздэг. Гэвч шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бодитойгоор олон нийтэд хүрэх ёстойг онцлон тэмдэглэж байна гэжээ.