Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сар, Монгол түмний уламжлалт "Цагаан сар"-ын баяр саяхан болж, өнгөрсөн билээ.
"Цагаан сар"-ын баярыг иргэд хийгээд төр засгийн хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэхдээ тус баярыг улсын төсвийн хөрөнгөөр хавтгайруулан тэмдэглэх нь учир дутагдалтай. Нөгөөтээгүүр Хэмнэлтийн тухай хуулиар төсвийн болон байгууллагын хөрөнгөөр шинэ жил, баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэхгүй, бэлэг дурсгалын зүйл худалдан авахгүй байхаар хуульчилсан.
Тэгвэл Батлан хамгаалах яам яамныхаа нэгдсэн золголт зохион байгуулж, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллаж байсан үе үеийн Батлан хамгаалахын сайд нар болон Батлан хамгаалах яамны бэлтгэл болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 70 орчим сая төгрөг зарцуулжээ.
Тодруулбал, Нэгдсэн золголтын арга хэмжээнд таван сая 169 мянган төгрөг зарцуулсан байна.
Ингэхдээ:
- Тавгийн идээ, ууц, айраг, цагаан идээнд 3 сая 236 мянга
- Алба хаагчдын хоолны зардалд 1 сая 584 мянга
- Яамны хүндэтгэлийн өргөөн (бурхан)-д засах идээ, шүүсэнд 349 мянган төгрөг зарцуулахаар төсөв баталсан байна.

Мөн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллаж байсан үе үеийн Батлан хамгаалахын сайд нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 18 сая 975 мянган төгрөг зарцуулжээ.
Үүнийхээ:
- 9 сая 75 мянган төгрөгөөр нь 25 ширхэг долоон үе зэс аяга
- 8 сая 250 мянган төгрөгөөр нь 25 ширхэг зэс домбо
- 1 сая 650 мянган төгрөгөөр нь нэг ширхэг дарь ганга хийцтэй дунд гарын хэмжээтэй мөнгөн аяга худалдан авч, бэлгэнд өгсөн байх аж.

Түүнчлэн Батлан хамгаалах яамны бэлтгэл болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 41 сая 740 мянган төгрөгийн санхүүжилтийг гаргасан байна.
Тухайлбал:
- Ахмад настуудад 22 сая 510 мянган төгрөгийн бэлэн мөнгө
- Үдийн хоол, цай, хонины ууц, тавгийн идээ, ус ундаанд 19 сая 194 мянган төгрөг зарцуулахаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон тус яамны ТНБД, хошууч генерал Д.Ганхуяг нар тушаал гаргажээ.
