ЕБС-ийн ахлах ангийн сурагчид нэгнээ дээрэлхэж, биед нь ноцтойгоор халдаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийг цочроогоод байна. Зарим иргэдийн зүгээс энэ мэт хэрэг сүүлийн үед давтамжтай үйлдэгдэх болсон нь сургууль болон гэр бүлийн орчинд хүүхдийн хүмүүжилд анхаарал хандуулаагүйтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм. Гэвч нөгөө талд олон нийтийн орчинд үг хэлдэг улс төрчид, нөлөө бүхий хүмүүсийн үг хэллэг, хандлага ямар вэ гэсэн асуулт мөн гарч ирж байна. Цахим орчин, улс төрийн маргаанд ширүүн, доромж өнгө аястай үг хэллэг цөөнгүй хэрэглэгддэг нь нууц биш. Ийм орчинд өсөж буй хүүхдүүд томчуудын үг яриа, хандлагыг дуурайхгүй гэх баталгаа ч үгүй юм.
Тэгвэл энэ асуудлаар цахим орчинд хамгийн ёс зүйгүй авирладаг, “муу”-ийн жишээ болж яригддаг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар, нийгмийн идэвхтэн Б.Цэцэг зэргийн хүмүүс өөрсдийн цахим хуудсанд санал бодлоо илэрхийлжээ. Тухайлбал, Б.Цэцэг “Алим модноосоо хол унадаггүй, хүүхэд эцэг эхээ л дууриадаг” хэмээн бичсэн бол М.Нарантуяа-Нара “Та нар нэгнээ нийлж алж талахаас буцахгүй шахам нийлж элдвээр гутаан доромжлон дайрдаг шүү дээ. Хүүхдүүдийн энэ үйлдэл бол томчуудын өөрсдийн тусгал” гэсэн утгатай байр суурийг илэрхийлж "цэцэн цэлмэг"-ийн дүрд тоглож байна. Хүүхдүүдийн тухай ярихдаа зөвхөн хүүхдүүдийг буруутгахаас гадна нийгмийн бүх түвшинд хэл ярианы соёл, харилцааны хандлагыг эргэн харах шаардлагатай. Ялангуяа олон нийтийн өмнө үг хэлдэг улс төрчид, нөлөө бүхий хүмүүс өөрсдөө үлгэр дуурайл болох хариуцлага хүлээдэг билээ.