Г.Занданшатарын Засгийн газар ерөнхий чиг үүргийн яамдаа дэд сайдтай нь үлдээж, бусдыг нь цомхотгохоор ярьж эхэлжээ

Г.Занданшатарын Засгийн газар ерөнхий чиг үүргийн яамдаа дэд сайдтай нь үлдээж, бусдыг нь цомхотгохоор ярьж эхэлжээ

Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайдыг томилсон нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүртсэн. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс уг асуудлыг эсэргүүцэж, дэд сайд нарыг огцруулахгүй бол Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн билээ.

Улмаар АН шаардлага хүргүүлж, намын дарга О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Энэ үйл явдал улс төрийн хүрээнд хоёр сарын өмнө үргэлжилсэн. Тэгвэл МАН 16 дэд сайд нараа цөөлж, ерөнхий чиг үүргийн яамдын дэд сайд нараа авч үлдэх шийдвэрийг гаргах бололтой.

Учир нь эл асуудлаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Дэд сайдуудыг цомхотгох асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хүргүүлсэн шаардлагатай холбоотойгоор төрийн албан хаагчдын чиг үүргийг оновчлох, хариуцлага, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хуулийн төсөл санаачлах ажлын хэсэг байгуулахаар болсон. Энэ ажлын хэсгийг миний бие ахална. УИХ, Засгийн газар энэ чиглэлд хамтарч ажиллана. Г.Занданшатарын Засгийн газар дарга нарын орон тоог цөөлөх тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Ажлын хэсэг гарч, хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Мөн холбогдох тогтоолын төслийг хамт өргөн барина. Орон тоог цөөлөхдөө үндсэн чиг үүргийн яамдыг авч үлдэж, давхардсан чиг үүргийн яамдын сайд нарыг нэгтгэнэ. Мөн эрүүл мэнд, боловсрол зэрэг тусгайлсан яамдыг авч үлдэнэ. Төрийн албаны томоохон шинэчлэл хийнэ” гэсэн тайлбарыг өгсөн байна.