Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд энэ сарын 10-ны өдөр шийдвэрээ танилцуулсан билээ.
Ингэхдээ, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн Үндэнсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Давж заалдах шатны шүүхийн энэхүү шийдвэртэй холбоотойгоор "Шүүх улс төрийн захиалгаар шийдвэр гаргалаа", "Давж заалдах шатны шүүх өмнөх шийдвэрээ үгүйсгэлээ. Өмнө нь цагаатгаж байсан бол энэ удаад ч мөн цагаатгах ёстой" гэх агуулгатай мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд цацагдах болов.
Харин энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сулруулах, цаашлаад шүүх эрх мэдэл рүү улстөрчид нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй.
Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд дүгнээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Тиймээс давж заалдах шатны шүүхээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход нотолбол зохих байдал, түүнд хамаарах яллах ба цагаатгах бүхий л нотлох баримтуудыг нотолгооны стандарт шалгуурын дагуу бүрэн, бодитой харьцуулан шалгаж, эргэлзээгүй бөгөөд хангалттай байдлаар үнэлэн дүгнэх шаардлагатай байна хэмээн үзэж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал,
- шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс” ХХК, “Говийн зам” ХХК-иудад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэрэг,
- мөн Н.Алтанхуягт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Бэрэн групп” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгосон хэргүүдийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хамаарах яллах ба цагаатгах нотлох баримтуудад бодитой тулгуурлан нотолгооны стандарт шаардлагын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан, мөн дээд шатны шүүхээс хүчингүй болгосон буюу өмнөх анхан болон давж заалдах шатны дүгнэлтийг дахин хуулбарлан бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд тус шүүхээс зөвтгөх боломжгүй.
Прокурорын яллах дүгнэлт болон Улсын Дээд шүүхийн тогтоолын дүгнэлт, прокуроруудын эсэргүүцэл, холбогдох шүүгдэгч нар, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд, дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд гэмт хэргийн шинж, нотолбол зохих асуудал нэг бүрийг яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудын хүрээнд нотолгооны стандарт шалгуурын дагуу нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж, үнэлж дүгнэх буюу эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг, эсхүл бүхэлд нь баталсан, эсхүл үгүйсгэн няцаасан талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн байна.
Тухайлбал:
- 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон “Говийн зам” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд авто зам барих, ашиглах, шилжүүлэх тухай” 74 дугаар концессын гэрээгээр хүлээсэн талуудын эрх, үүрэг, үндсэн ба бусад нөхцөл, хэрэгжих хугацаа 10 жил, түүнийг цуцлах, маргаан үүссэн тохиолдолд шийдвэрлэх журам зэрэг нь тодорхой зохицуулагдсан, мөн
- Энержи Ресурс ХХК болон Эрдэнэс монгол ХХК-ийн компаний хооронд 2011 онд хийгдсэн Гашуун сухайт боомт дахь шалган нэвтрүүлэх дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай консерцумын гэрээгээр талуудын эрх, үүрэг, үндсэн ба бусад нөхцөл, хугацаа зэрэг нь тодорхой зохицуулагдсан байтал дээрх гэрээний талуудын хүсэл зориг, гэрээгээр зохицуулагдсан асуудлуудыг үл харгалзан дур мэдэж буюу яаралтай гэх горимоор төрийн өмчид авах тухай Засгийн газрын шийдвэрийн үндэслэл болгосон үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, хамаарах бусад хууль тогтоомжид заасан төрийн үйл ажиллагааны үндсэн ба тусгай зарчмууд, гэрээний талуудын эрх тэгш, чөлөөт байдал зэрэгт хэрхэн нийцсэн эсэх,
- Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлт авто зам барих тухай гэрээг захиалагч талаас Зам тээврийн яам байгуулсан байхад тус яамны санал, гэрээний нөхцөлийг үл харгалзан Эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулсан нь үндэслэлтэй эсэх,
- Энержи Ресурс ХХК-иас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт ирүүлсэн гэх “мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот” нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, эсхүл 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүргэгдсэн эсэх, тус мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг нь гэрээний дагуу барьсан зам, дэд бүтцүүдийг төрд худалдах утга агуулгатай байсан эсэх буюу албан бичиг дэх бичвэр нь Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэх асуудалд хэрхэн хамааралтай эсэх,
- Энержи Ресурс ХХК-иас ирүүлсэн “мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт үндэслэн Засгийн газар яаралтай горимоор хуралдсан нь холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцсэн эсэх, Засгийн газрын хуралдааны журмын 7.8-д заасан үндэслэл, журам хэрхэн зөрчигдсөн эсэх,
- Засгийн газрын хуралдаанаар “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг яаралтай гэх горимоор хэрхэн хэлэлцсэн эсэх, ямар судалгаа, үндэслэлд тулгуурлан хэлэлцсэн эсэх, гишүүдийн олонхын санал авч дэмжигдсэн эсэх, асуудлыг хариуцсан гэх сайд тухайн тогтоолын төслийг бичмэл хэлбэрээр бус зөвхөн аман байдлаар танилцуулсан нь үндэслэлтэй эсэх,
- Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэрээний дагуу хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрийн өмчид авах асуудлыг хэн санаачилсан, хэн яаралтай горимын журмаар хэлэлцүүлэхээр оруулсан эсэх, тэдгээрийн үйлдэл, үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэх,
- Засгийн газрын яаралтай горимоор хуралдсан хуралдааны тэмдэглэлийг хасаж цуглуулж бэхжүүлсэн, бүрэн судалсан эсэх,
- Хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрийн өмчид авахад УИХ-ын холбогдох байнгын хороодын санал, Сангийн яамны саналыг авсан байх гэх шаардлага хэрхэн хангагдсан эсэх,
- Хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрд худалдан авах тохиолдолд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх үндэслэлтэй байсан эсэх, улмаар
- Хөгжлийн банкнаас хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг санхүүжүүлэхдээ “бодит өртгөөс илүү үнээр үнэлүүлж” худалдан авсан эсэх зэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нарийвчлан дүгнээгүй, холбогдох баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй байна.
Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох “Бэрэн групп” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсонд хамаарах анхан болон давж заалдах шатны шүүхийн өмнөх дүгнэлтийг дахин хуулбарлаж буюу агуулгаар нь сэргээн бичжээ гэж дүгнэжээ.