АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай холбоотой мөргөлдөөнд ялалт байгуулснаа дахин зарлаж, цаашид хамгийн гол асуулт нь дайн хэзээ дуусах вэ гэдэгт оршиж байна гэж мэдэгджээ.
Тэрээр Вашингтон руу буцах замдаа сэтгүүлчидтэй ярилцахдаа “Бид маш сайн байр сууринд байна гэж бодож байна. Гол нь энэ зүйлийг ялах, аль болох хурдан ялалт байгуулах, гэхдээ заавал ялалт байгуулах ёстой” хэмээн хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр олон ажиглагчид АНУ аль хэдийн ялалт байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд одоо зөвхөн мөргөлдөөн хэзээ зогсох вэ гэдэг асуудал үлдсэн гэжээ.
“Олон хүн аль хэдийн бид ялсан гэж хэлж байна. Одоо гол асуудал нь энэ хэзээ зогсох вэ гэдэг л асуулт. Бид энэ байдлыг сунжруулахыг хүсэхгүй байна. Хамгийн зөв шийдэл нь тухайн улсыг хэрхэн удирдахаа мэддэг хүмүүс гарч ирж, улс орноо сэргээх явдал юм” гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Лхагва гараг /2026.03.11/-ийн өглөө Кентукки мужид болсон арга хэмжээний үеэр Д.Трамп дэмжигчдэдээ хандан мөн адил мэдэгдэл хийж, “Бид Иранд ялсан. Бид эхний цагт л ялалт байгуулсан” гэж хэлсэн байна. Гэвч тэрээр энэхүү мэдэгдлийг батлах тодорхой баримт, нотолгоо дурдаагүй ажээ. Учир нь Д.Трампын засаг захиргаанаас Ирантай холбоотой цэргийн ажиллагааны үргэлжлэх хугацаа болон дараагийн алхмын талаар харилцан зөрүүтэй мэдээллүүд гарч байгаа талаар ажиглагчид онцолж байгаа ажээ. Мөн дөрвөн долоо хоногийн дараа дайн намжих боломжтой эсэх талаар сэтгүүлчдийн асуултад Д.Трамп тодорхой хариулт өгөөгүй байна.
Эх сурвалж: CNN