АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Лхагва гараг /2026.03.11/-т Иран улс Калифорни мужид далайгаас дрон ашиглан халдлага хийх боломжтой гэсэн баталгаажаагүй мэдээллийг засгийн газар шалгаж эхэлсэн гэж мэдэгджээ.
Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Д.Трамп “Үүнийг шалгаж байна. Олон зүйл зэрэг болж байгаа учраас бид мэдээлэл бүрийг гарч ирэх үед нь л үнэлж байна” хэмээн хэлсэн байна. Түүнээс АНУ-ын нутаг дэвсгэрт Ирантай холбоотой нууц бүлгүүд буюу “унтмал сүлжээ” хэд байгаа талаар мэдээлэл авсан эсэхийг асуухад Д.Трамп “Би энэ талаар мэдээлэл авсан” гэж хариулжээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос Калифорни дахь орон нутгийн хууль сахиулах байгууллагууд болон албан тушаалтнуудад илгээсэн дотоод санамж бичигт баталгаажаагүй мэдээллийг зөвхөн сэрэмжлүүлгийн зорилгоор хүргүүлсэн гэж албаныхан мэдэгдсэн байна.
Тус санамж бичигт “2026 оны хоёрдугаар сарын эхээр Иран улс АНУ-ын тал Иранд цохилт өгсөн тохиолдолд хариу арга хэмжээ болгон АНУ-ын эргийн ойролцоох тодорхойгүй усан онгоцноос нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан гэнэтийн довтолгоо хийхийг зорьж болзошгүй гэсэн мэдээлэл олдсон” гэж дурджээ. Мөн уг боломжит довтолгооны бай нь Калифорни муж дахь тодорхойгүй объектууд байж магадгүй гэж мэдээлэлд тэмдэглэсэн байна. Гэвч уг мэдээлэл нь одоогоор баталгаажаагүй бөгөөд холбогдох байгууллагууд шалгаж байгаа талаар албаныхан онцолжээ.
Эх сурвалж: CNN