Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрх Дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ авчирсан Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатараар ахлуулсан нисэх багийнхныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан, Монгол төрийн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн баатарлаг үйлстнүүдээрээ бахархаж буйгаа илэрхийллээ.
Монгол хүн хүнд хэцүү үе тохиоход эх орон руугаа тэмүүлдэг сэтгэлийн дуудлагатай. Монголын төр, засаг иргэдээ хамгаалж, эх орондоо эсэн мэнд авчрах үүрэгтэй. Энэ бол улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл юм гэдгийг Ерөнхий сайд хэлээд, энэхүү нислэг бол зөвхөн тээвэрлэлт бус Монгол Улс иргэдийнхээ төлөө ямар ч эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддаг гэдгийг харуулсан бахархалт үйл явдал гэдгийг онцлов.

Мөн “Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлийн нислэг нэг талдаа 7800 км агаарын зам туулж, 22 цаг үргэлжилсэн нь нисэх багийн ур чадвар, авхаалж, баг хамт олны хамтын ойлголцол, эв нэгдлийг харууллаа. 2026 онд “МИАТ” компанийн 70 жилийн ой тохиож буй. Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн. “МИАТ” компани 70 жилийн ойдоо онцгой амжилт гаргаж, нислэгийнхээ тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанараа сайжруулж ажиллана гэж итгэж байна гэлээ. Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орон агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир улс орнууд боломжит байдлаар иргэдээ татан авч байна. Тус бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэг үйлдэгдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар дайны эрсдэлтэй бүсээс иргэдээ татан авах шийдвэр гаргаж, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК тусгай үүргийн эхний нислэгээ үйлдсэн. Тус нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирээд байна. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Хятад, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсаар дайран өнгөрчээ. Тухай бүрд нь онцгой байдлын горимоор нислэгийн холбогдох зөвшөөрлүүдийг авч ажилласан бөгөөд уг ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, бүс нутаг дахь Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон United Arab Emirates Air Force, мөн Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллажээ.