Энэ намрын улс төрийн уур амьсгал 2027 оны улсын төсвийн төслөөр эхэллээ.
- ЗАСГИЙН ГАЗАР: ОЮУ ТОЛГОЙН 2 ИХ НАЯДЫН НОГДОЛ АШГААР ДЦС, ДЭД БҮТЦИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ -
Монгол Улсын Засгийн газар наймдугаар сарын 31-нд ээлжит бус хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралын анхны төсөв болох 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ үеэр Ерөнхий сайд төсөвтэй холбоотой есөн шийдвэрийг танилцуулсан бөгөөд хамгийн эхний шийдвэр нь Оюу толгойн ногдол ашиг байв.
Ерөнхий сайд Н.Учрал Оюу толгойн ногдол ашгийг Монгол Улсад авчирч, иргэдийн хуримтлалын дансанд төвлөрүүлэхийн зэрэгцээ дулааны цахилгаан станц, арьс шир боловсруулах болон малын эм, вакцины үйлдвэр байгуулах, хоёр боомтыг шинэчлэх зэрэг төсөлд зарцуулахаар төлөвлөснөө танилцуулсан. Мөн Оюу толгойн ногдол ашгаар хаана, ямар төсөл хэрэгжүүлэхийг И-монголиа платформоор дамжуулан иргэдийн саналаар шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн.

- ОЮУ ТОЛГОЙГООС 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ АВНА -
2026 оны зургаадугаар сард Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийсэн. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг SOFR + 6.5% байсныг SOFR + 4% болгож бууруулсан. Мөн энэ онд багтаан “Оюутолгой” компаниас Монгол Улс ногдол ашиг авахаар болсон хэмээн Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл ногдол ашгийн хэмжээ ямар байх талаар. Сангийн сайд З.Мэндсайхан мягмар гарагт /2026.09.01/ хийсэн мэдээлэлдээ дурдсан юм. Тэрбээр “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийсний үр дүнд “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг 2027 оны улсын төсөвт тусгаж оруулсан. Ногдол ашгийн хэмжээг хамгийн багаар буюу 3 их наяд төгрөг байхаар төсөвлөсөн. Үүнээс 2 их наяд төгрөгийг нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах, 1 их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдэд хүртээж, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн зээлд зарцуулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна” гэсэн билээ.
ВИДЕО:
- АРДЧИЛСАН НАМ: ОЮУ ТОЛГОЙН 3 ИХ НАЯД БОЛ АРД ТҮМЭНД ОЧИХ ЁСТОЙ МӨНГӨ -
Харин Ардчилсан нам Засгийн газрын 3 их наяд төгрөгийг хуваарилах төлөвлөгөөг эсэргүүцэж байна. Пүрэв гарагт /2026.09.03/ Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг”-аар тус намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Оюу толгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө” хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр уг мөнгийг ямар нэгэн дарга төсөвт оруулж, станц болон дэд бүтцийн төсөлд зарцуулах ёсгүй бөгөөд Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн нэрийн дансанд орох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ардчилсан намын зүгээс станц, дэд бүтэц барихыг эсэргүүцээгүй ч үүнийг Хуримтлалын сангийн хөрөнгөөр хийх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Харин иргэдэд очих ёстой хөрөнгийг төсөвт татан авч, төр өөрийн шийдвэрээр зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж шүүмжилсэн.
ВИДЕО:
Товчхондоо, Засгийн газар Оюу толгойн ногдол ашгийн 3 их наяд төгрөгийг 2 их наяд + 1 их наяд гэсэн зарчмаар хуваарилж 2 их наяд төгрөгөөр ДЦС, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхийг төлөвлөж байна. Харин АН уг 3 их наяд төгрөгийг бүхэлд нь иргэдэд очих ёстой мөнгө гэж үзэж байгаа юм.
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд тараах нь зөв үү, Дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалт барих уу?
Нийт: 0 саналтай