СУРВАЛЖИЛГА: НБОГ-ын алба хаагчид шилэн барилга мөргөж, бэртсэн идлэг шонхор, морин харцагыг эмчилж, байгальд нь буцаан тавилаа

СУРВАЛЖИЛГА: НБОГ-ын алба хаагчид шилэн барилга мөргөж, бэртсэн идлэг шонхор, морин харцагыг эмчилж, байгальд нь буцаан тавилаа

Улаанбаатар хотын өнгө төрхийг өндөр шилэн барилгууд улам бүр тодорхойлох болжээ. Гэвч хотын бүтээн байгуулалтын энэ дүр зураг шувуудын хувьд аюул дагуулж байна. Шилэн фасадыг ялгаж харалгүй мөргөснөөс шувууд бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах тохиолдол гардаг бөгөөд энэ төрлийн дуудлага Нийслэлийн Байгаль орчны газарт нэмэгдсээр байна.

ВИДЕО:

Бид энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэхээр Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоныг өнгөрч, Туулын эх рүү чиглэсэн замын хажууд байрлах минж үржүүлгийн газрыг зорилоо. Гэхдээ биднийг энэ удаа минж бус, хүний үйл ажиллагааны улмаас бэртэж гэмтсэн хоёр шувуу хүлээж байв. Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 4-нд Нийслэлийн Байгаль орчны газрын алба хаагчид өнгөрсөн хавар шилэн барилга мөргөж бэртсэн идлэг шонхор, морин харцагыг байгальд нь буцаан тавих юм.

Тэднийг өнгөрсөн хавар иргэдийн өгсөн дуудлагын дагуу НБОГ-ын алба хаагчид олж, авчээ. Анх очиход нисэж чаддаггүй, бэртсэн хоёр ангаахай байсан байна. Түүнээс хойш хэдэн сар өнгөрчээ. Энэ хугацаанд НБОГ-ын алба хаагчид тэдний бэртлийг эмчилж, хооллон, асарч хамгаалсан байна. Үүгээр зогсохгүй байгальд бие даан амьдрахад нь шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхийн тулд нисэх болон ан хийх дадал суулгажээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын биологич Ж.Гантулга “Бид эдгээр шувуудаа амьтан асрах байрандаа асарч, томруулдаг. Харин байгальд тавих үедээ нисэх боломжтой, нөгөө талдаа хоол хүнсээ олж чадах газар тавьж байна гэсэн үг. Амьтны дүрстэй тоглоомоос эхэлж, эдгээр амьтдыг ан хийхэд сургадаг. Эдгээр шувуудын ан хийх чадамж цусанд нь байдаг учир хүндрэл бага. Угтаа бол байгальд нь аав, ээж нь сургах ёстой байсан. Харин бид бэртэж, гэмтээд үлдсэн ангаахайнуудын аав, ээжийнх нь үүргийг гүйцэтгэж байгаа юм” гэлээ.

Энд анхаарах нэг зүйл бол ийм төрлийн дуудлага жил ирэх тусам нэмэгдэж байгаа явдал юм. Ялангуяа хаврын улиралд шувууд шилэн барилга мөргөж бэртсэн талаарх дуудлага нэмэгддэг байна. Шувуудын хувьд шилэн фасадыг ялгаж харах боломжгүй байдаг тул хурдтай нисэж байх үедээ барилгын шилэн хэсгийг мөргөх эрсдэлтэй. Улмаар хүндээр бэртэх, газар дээрээ үхэх тохиолдол ч гардаг аж. Тиймээс НБОГ-ын зүгээс шилэн фасадтай барилгын цонх, шилэн хэсэгт махчин шувуудын дүрс байрлуулах замаар бусад шувуудыг үргээж, мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Биологич Ж.Гантулга “Манай байгууллагын зүгээс бүх шилэн фасадтай барилгад махчин шувуудын зураг хэвлэж өгөх хүндрэлтэй. Гэхдээ бид эдгээр барилгуудад өөрсдийн хөрөнгөөр манай баталж өгсөн зургийг наахыг зөвлөж байгаа. Хэрэв зураг наахгүй бол жилд маш олон шувуу шил мөргөж, үхэж байгаа нь харамсалтай. Олон улсын стандарт энэ. Бид хэдий хотод амьдарч байгаа ч амьтанд ээлтэй орчныг үргэлж бүрдүүлж байх хэрэгтэй” гэсэн юм.

Өнөөдөр идлэг шонхор, морин харцагыг байгальд нь буцаан тавихын өмнө байгаль хамгаалагчид тэднийг амьдрах чадвартай болсон эсэхийг шалгажээ. Хэдэн сарын өмнө нисэж ч чаддаггүй байсан хоёр шувуу энэ өдөр далавчаа дэвэн, байгальдаа эргэн очлоо. Гэхдээ энэ үйл явдал зөвхөн хоёр шувууны тухай биш юм.

Нийслэлийн Байгаль орчны газрын алба хаагчид шувуудыг байгальд нь тавих үйл явц болон минж үржүүлгийн газраа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танилцуулдаг байна. Гол зорилго нь ирээдүй болсон хүүхдүүдэд хүн төрөлхтөн байгалиас тусдаа оршдоггүй. Харин байгальтайгаа зохицон амьдарч, ан амьтнаа хайрлан хамгаалах ёстой гэсэн ойлголтыг өгөх аж. Өнөөдөр нийт 500 орчим ЕБС-ийн сурагч идлэг шонхор, морин харцага ямар шувуу болох, юу иддэг, экосистемд ямар ач холбогдолтой, мөн бэртэж гэмтсэн ан амьтантай таарсан тохиолдолд хаана хандах талаар мэдээлэл авчээ. Хүүхдүүдийн хувьд энэ нь зөвхөн хичээл дээрээс сонсдог байгаль хамгааллын тухай ойлголт биш, бодитоор харж, мэдэрсэн үйл явдал байлаа.

Тэд “Их сонирхолтой байлаа. Эдгээр шувуудын нүд их гоё юм. Тэд өнөөдөр эрх чөлөөтэй боллоо. Баяртай байна. Шувуу эрх чөлөөтэй нисэх ёстой” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

Мөн “Шонхор хэдэн өндөг гаргадаг вэ”, “Хэд насалдаг вэ” гэх мэт танин мэдэхүйн асуултыг асууж, шувуудын талаар сонирхон ярилцсаар байлаа. Харин НБОГ-ын Амьтан, ургамал хамгаалах хэлтсийн амьтны эмч О.Чингисболдын хувьд энэ хоёр шувууг байгальд нь буцаан тавих мөч баяртай хэрнээ бага зэрэг гунигтай байв. Тэрбээр “Бид эдгээр бэртэж, гэмтээд ирсэн шувуудыг олон хүнтэй уулзуулдаггүй. Тэд хүнд дасаж болохгүй шүү дээ. Гэхдээ өнгөрсөн зуны хугацаанд хайрлаж, хооллож хамгаалсан шувуудаа байгальд нь тавих бага зэрэг гунигтай байна” гэсэн юм.

Хэдэн сарын өмнө хүний бүтээсэн шилэн барилгыг мөргөж, нисэж чадахгүй болсон хоёр шувуу өнөөдөр тэнгэртээ эргэн дүүллээ.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө