ВИДЕО: Номын дээдэд хүрсэн лам хуврагуудыг чандарлахад сувд, шүр, алт мэт ринсрэл бий болдог бөгөөд Шаарийбуу, Монголжийбуу нарын ринсрэлийг залаад байна

ВИДЕО: Номын дээдэд хүрсэн лам хуврагуудыг чандарлахад сувд, шүр, алт мэт ринсрэл бий болдог бөгөөд Шаарийбуу, Монголжийбуу нарын ринсрэлийг залаад байна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган өнөөдөр сүсэгтэн олны хөл хөдөлгөөнд дарагджээ. Арц хүжийн анхилуун үнэр сэнгэнэж, мөргөлчдийн намуухан залбирал танхимыг дүүргэнэ. Ахмад настан, хүүхдээ дагуулсан гэр бүлүүд, хүүхэд залуус гээд олон хүн Бурхан багшийн манлай хоёр шавь Шаарийбуу, Монголжийбуу нарын их эрдэнийн ринсрэлд мөргөхөөр дугаарлан зогсож байлаа.

ВИДЕО: 

Хэд хоногийн өмнө тохиосон Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Энэтхэг улсаас Бурхан багшийн нэрт хоёр шавийн ринсрэлийг Монгол Улсад залж, сүсэгтэн олонд 10 хоногийн турш мөргүүлэхээр болсон нь энэ юм. Сүүлийн жилүүдэд монголчууд Бурхан багшийн их дүйчин өдрийг өргөн тэмдэглэж, буян номын үйлд идэвхтэй оролцох болсон. Үүнтэй зэрэгцэн Гандантэгчэнлин хийдээс энэ өдөрт зориулсан шашин, соёлын олон арга хэмжээг тогтмол зохион байгуулж иржээ. Дөрвөн жилийн өмнө Бурхан багшийн өөрийнх нь их эрдэнийн ринсрэлийг Энэтхэгээс залж байсан бол энэ удаад түүний манлай хоёр шавийн ринсрэлийг Монголд залсан нь онцлох үйл явдал болж байна.

- ШААРИЙБУУ, МОНГОЛЖИЙБУУ НАРЫН ЧАНДРААС ГАРСАН РИНСРЭЛИЙГ 1851 ОНД АНГЛИЙН АРХЕОЛОГИЧИД ОЛЖ ИЛРҮҮЛСЭН - 

Бид энэхүү нандин шүтээнд мөргөж, ринсрэл гэж юу болох талаар МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргалаас тодруулсан юм. Тэрбээр "Тавдугаар сарын 30-ны өдөр Бурхан багшийн манлай хоёр шавь Шаарийбуу, Монголжийбуу нарын ринсрэлийг Энэтхэг улсын тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад залсан. Ринсрэл гэдэг бол номын дээдэд хүрсэн лам хуваргуудыг чандарлахад бий болдог сувд, шүр, алт, мөнгө зэрэг эрдэнийг хэлдэг. Шаарийбуу, Монголжийбуу нарын чандраас гарсан ринсрэлийг 1851 онд Английн археологичид олж илрүүлсэн байдаг. Түүнээс хойш Энэтхэг улсад тусгайлан залж, хадгалж ирсэн ариун шүтээн юм" хэмээн тайлбарлав.

Шаарийбуу, Монголжийбуу нарын нандин шүтээн ринсрэл

Тэрбээр цааш нь Бурхан багшийн дүрийн хоёр талд залардаг бурхадыг хүмүүс сайн мэддэг ч тэдгээр нь үнэндээ Шаарийбуу, Монголжийбуу хэмээх түүний манлай хоёр шавь болохыг онцолсон юм. Яагаад манлай шавь хэмээн өргөмжлөгдсөн бэ гэвэл, Шаарийбуу нь билиг оюун, мэргэн ухаанаараа Бурхан багшийн шавь нараас манлайлан тодорсон бол Монголжийбуу нь эрд хувилгаан, гайхамшигт чадлаараа алдартай байсан аж.  Мөн эдгээр хоёр эрхмийн төрсөн нутагт хожим Наландагийн их хийд байгуулагдаж, Буддын шашны сургаал дэлхий дахинд түгэн дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй аж. 

- РИНСРЭЛД МӨРГӨХ НЬ БУЯН ХУРААХ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ ДААТГАХ УТГАТАЙ- 

Мөн түүний хэлснээр, сүсэгтнүүд энэхүү нандин ринсрэлд мөргөснөөр ажил үйлс бүтэмжтэй байж, эрүүл энх, амар амгаланг ерөөдөг аж. Хэдийгээр хүний хүсэл мөрөөдөл, зорьсон үйл хэрэг нь өөрийн хичээл зүтгэл, зохион байгуулалтаас ихээхэн шалтгаалдаг ч Гончигсум буюу Бурхан, Ном, Хувраг хэмээх чухаг дээд гуравт сүсэглэн залбирснаар бас бүтдэг учиртай байна. Иймээс монголчуудыг энэхүү нандин шүтээнд мөргөж, буян хураах боломж бүрдүүлэх зорилгоор Гандантэгчэнлин хийд Энэтхэгийн Засгийн газарт хүсэлт тавьж, Шаарийбуу, Монголжийбуу нарын ринсрэлийг Монгол Улсад залжээ. Энэтхэг улс эдгээр ринсрэлийг гадаад улс орнуудад гаргахыг хязгаарласан байдаг ч Буддын шашин өргөн дэлгэрсэн орны хувьд Монголын хүсэлтийг хүлээн авч, Гандантэгчэнлин хийдэд тусгай зөвшөөрөл олгосон байна.

Мөргөлчид Шаарийбуу, Монголжийбуу нарын ринсрэлд мөргөж байна

- МОНГОЛЫН СҮСЭГТЭН ОЛОН ЭХ ОРОНДОО БУРХАН БАГШИЙН ХОЁР ШАВИЙН НАНДИН ШҮТЭЭНД МӨРГӨХ ХОВОР БОЛОМЖ БҮРДЛЭЭ -

Монгол Улсад өмнө нь дөрвөн жилийн өмнө Бурхан багшийн өөрийнх нь ариун ринсрэлийг  залж байсан бол энэ удаа манлай хоёр шавийнх нь ринсрэлийг авчирснаар иргэд мөргөж, буян хураах, ажил үйлс, эрүүл энх амьдралаа даатган залбирах боломж бүрдээд байгаа юм. Мөн Энэтхэг улсад очиж ринсрэлд мөргөхөд багагүй зардал шаардагддаг. Харин энэ удаа монголчууд эх орондоо залсан үед нь ирж мөргөн, хүсэл мөрөөдөл, ажил үйлс, энэ болон хойд насныхаа сайн сайхны төлөө залбирах боломжтой хэмээн Ч.Бямбажаргал ярьж байлаа. 

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган мөргөлчдийн хөл хөдөлгөөнөөр дүүрч, арц хүжийн үнэр анхилж байна. Ахмад настан, залуус, хүүхдүүдээ дагуулсан гэр бүлүүд Бурхан багшийн хоёр шавийн их эрдэнийн ринсрэлд мөргөхөөр ээлжээ хүлээн зогсох аж.   Хүжийн үнэр анхилж, ерөөлийн уншлага намуухан үргэлжлэх энэ  танхимд хурсан олон одоо болоод хойчийн амьдралаа даатгахаас гадна, үр хүүхдийнхээ ажил үйлс, улс орныхоо хөгжил дэвшил, даян дэлхийн амар амгалангийн төлөө мөргөн залбирсан тухайгаа бидэнд хуучилж байсан юм. Ийнхүү Энэтхэг улсад хадгалагдаж ирсэн Бурхан багшийн манлай хоёр шавийн ринсрэл Монголд 10 хоногийн хугацаанд дэлгэгдэж, сүсэгтэн олон мөргөн залбирах ховор боломж тохиож байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө