Д.Мөнхбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй ахтайгаа хамтран онлайн шоп ажлуулж, эмээдээ дэм болж байгаадаа баяртай байдаг

Д.Мөнхбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй ахтайгаа хамтран онлайн шоп ажлуулж, эмээдээ дэм болж байгаадаа баяртай байдаг

Хүүхэд нас гэдэг тоглож наадах, хүсэл мөрөөдлөө бүтээх хамгийн гэгээн үе. Гэвч зарим хүүхэд үеийнхнээсээ арай эрт амьдралын үнэ цэнийг ойлгож, хариуцлага үүрч, хөдөлмөрийн амтыг мэдэрсэн байдаг. Тэдний нэг нь ҮБХИС-ийн харьяа ерөнхий боловсролын Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн 8Б ангийн сурагч Д. Мөнхбаяр юм. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй ах болон эмээтэйгээ амьдардаг. Хичээлдээ шамдан суралцахын зэрэгцээ ахыгаа дэмжин хамтдаа онлайн худалдаа эрхэлж, өрхийнхөө амьдралд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байна. Нас бага ч хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, мөрөөдөлдөө хүрэхийн тулд өдөр бүр  хичээж яваа түүнийг энэ удаагийн “Social ID” булангийн хүүхдийн баярын тусгай дугаартаа оноцоллоо.

ВИДЕО:

-ГЭР БҮЛИЙНХЭНДЭЭ ТУСАЛЖ БАЙНА ГЭЖ БОДОХООР ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛДОГ-

 - Өдрийн мэнд . Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.  

-Намайг Д.Мөнхбаяр гэдэг. Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн 8Б ангид сурдаг. Би эмээ болон хөгжлийн бэрхшээлтэй ахтайгаа хамт амьдардаг. Чөлөөт цагаараа онлайн худалдааныхаа ажилд тусалж, ахтайгаа хамт бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, захиалгаа шалгах зэрэг ажлыг хийдэг.

- Чиний үеийн олон хүүхэд хичээлээсээ тараад тоглож нааддаг . Харин чи онлайн худалдаа эрхэлдэг шүү дээ. Яагаад анх ийм ажил хийе гэж бодов?

- Анх ахтайгаа ярилцаж байгаад хамтдаа ямар нэгэн зүйл хийж үзье гэж бодсон. Тэгээд энэ оны 11 дүгээр сараас эхлээд  онлайн худалдаа эрхэлж эхэлсэн. Эхэндээ мэдэхгүй зүйл их байсан болохоор нэлээд судалж, алдаа гаргаж байсан үе бий. Гэхдээ бага багаар суралцаж, туршлага хуримтлуулсан. Одоо бол захиалга авах, хүмүүстэй харилцах, бараагаа сурталчлах зэрэг ажлуудад илүү сайн болсон гэж боддог.

- Насандаа ахадсан мэт санагдах хариуцлага үүрч байгаа юм байна. Энэ хугацаанд хэцүү санагдаж, шантармаар үе байсан уу?

-Заримдаа ядарсан эсвэл амрахыг хүссэн үе гардаг. Гэхдээ гэр бүлийнхэндээ тусалж байна гэж бодохоор эрч хүч ордог. Ахтайгаа хамт ажиллах нь надад зөвхөн мөнгө олох биш, харин хүн хариуцлагатай байх, бусдын төлөө хичээх ямар чухал вэ гэдгийг ойлгуулсан.

- Ахтайгаа хамт ажиллахад хамгийн сайхан нь юу байдаг вэ?

-Бид хамтдаа зорилготой байдаг нь гоё санагддаг. Ах маань надад их зүйл заадаг. Харин би ахдаа хэрэгтэй зүйл дээр нь туслахыг хичээдэг. Заримдаа ажил ихтэй үед хамтдаа сууж захиалгаа шалгаад, ах маанв надад зарим зүйлсийг зааж, ирээдүйнхээ талаар ярилцдаг. Тэр мөчүүд хамгийн сайхан санагддаг.

- Хөдөлмөрлөж олсон анхны орлогоо санаж байна уу?

-Эхэндээ  цалин авахгүйгээр зөвхөн ах даа тусалдаг байсан. Харин саяхнаас цалин авч эхэлсэн. Анхны орлогоо авахад өөрийн хүч хөдөлмөр ямар үнэ цэнтэй байдаг вэ гэдгийг мэдэрсэн. Тэр үед маш их баярлаж байсан. Хүн өөрөө хичээж байж ямар нэгэн зүйлд хүрдэг юм байна гэдгийг ойлгосон. Одоо цалингаа цуглуулж байгаад ирээдүйдээ зарцуулна гэж бодож байгаа.

- Хичээл болон ажлаа хэрхэн амжуулдаг вэ?

-Хамгийн түрүүнд хичээлдээ анхаардаг. Дараа нь зав гарвал онлайн худалдааныхаа ажлыг хийдэг. Заримдаа цаг хүрэлцэхгүй үе байдаг ч төлөвлөж сурахаар амжуулж болдог юм байна гэж боддог.

-ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨР НЭГ Ч ХҮҮХДИЙН НҮДЭНД ГУНИГИЙН НУЛИМС ТОРОХ ЁСГҮЙ-

- Тэмүүжин Өрлөг сургуулийг яагаад сонгосон бэ?

-Намайг бага байхад гэрийнхэн маань цэргийн хүн болбол эрт тэтгэвэрт гарах зэрэг давуу талтай гэж ярьдаг байсан. Тиймээс энэ сургуульд оруулсан. Харин одоо би өөрөө сургуульдаа маш их дуртай болсон. Багш нар маань сайн, найзуудтайгаа хамт байх сайхан байдаг.

- Анх сургуульдаа ороход ямар байсан бэ?

-Эхэндээ өглөө эрт босоод сургуульдаа явах их хэцүү санагддаг байсан. Заримдаа унтмаар л байдаг байлаа. Харин одоо бол бүр дасчихсан. Өглөө босоод сургуульдаа явах нь хэвийн зүйл болсон. Сургууль маань  надад олон найз, олон сайхан дурсамж өгсөн гэж боддог.

- Чамд хамгийн их урам зориг өгдөг хүн хэн бэ?

-Миний гэр бүлийнхэн. Ялангуяа эмээ, ах хоёр минь. Тэднийгээ хараад илүү их хичээх хэрэгтэй юм байна гэж боддог. Мөн багш нарынхаа хэлдэг үгнээс ч урам авдаг.

- Ирээдүйн мөрөөдлөөсөө хуваалцаач.

- Сайн хүн болж, гэр бүлийнхээ түшиг тулгуур болохыг хүсдэг. Мөн өөрийн гэсэн тогтвортой ажилтай, олон хүнд хэрэгтэй хүн болох мөрөөдөлтэй. Мөн ирээдүйд аав болохоороо хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал болсол аав болно гэж боддог.

- Чиний хувьд хүүхдийн баярыг юу гэж боддог вэ?

-Хүүхдийн баяр гэдэг бол миний бодлоор зүгээр л хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр хүүхэд болгоны нүдэнд гунигийн нулимс байх ёсгүй гэж боддог доо.

- Чиний хамгийн дурсамжтай, жаргалтай хүүхдийн баяр хэзээ байсан вэ?

-Одоогоос хэдэн жилийн өмнө гэдгийг сайн санахгүй байна. Гэхдээ үеэлүүд болон ахтайгаа хамт өдөржингөө хамт байж, парк дээр тоглосон өдрийг хэзээ ч мартдаггүй юм. Тэр өдөр л миний хувьд хамгийн сайхан хүүхдийн байр байсан даа.

Ярилцсанд баярлалаа.