Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулс болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8...+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.