Шинэ Засгийн газрын гишүүд сүүлийн өдрүүдэд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийг эдийн засгийн шинэ боломж хэмээн сурталчилах боллоо. Тариф буурна, экспорт нэмэгдэнэ, зах зээл тэлнэ гэсэн өөдрөг тайлбарууд ар араасаа хөвөрч буй. Гэвч энэ хэлэлцээрийн хамгийн том "сүүдэр" экспортын өсөлт бус Монголын дотоодын үйлдвэрлэгчдийн ирээдүйд тусна.
Тодруулбал, хэлэлцээрийн дагуу хоёр тал 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Улмаар дарга нарын тайлбараар Монголын бараа бүтээгдэхүүн ЕАЭЗХ-ны зах зээлд гарах боломжийг нээж байгаа гэнэ. Гэвч бодит байдал дээр Монголын үйлдвэрлэгчид асар том зах зээлд өрсөлдөх хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадал, ложистик, санхүүгийн боломжтой эсэх нь өөр асуудал.
Монголын экспортлох барааны ихэнх нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн. Харин ЕАЭЗХ-ны орнуудын Монголд нийлүүлэх барааны дийлэнх нь химийн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл, бид түүхий эд, анхан шатны бүтээгдэхүүн гаргаж, боловсруулсан бүтээгдэхүүн импортлох өнөөгийн бүтэц үндсэндээ өөрчлөгдсөнгүй.
Хамгийн ноцтой нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид ЕАЭЗХ-ны том үйлдвэрүүдтэй шууд өрсөлдөх нөхцөл үүсч байна. Олон арван сая хэрэглэгчтэй зах зээлд үйлдвэрлэл явуулдаг, төрийн дэмжлэгтэй компаниудын бүтээгдэхүүн татварын хөнгөлөлттэйгээр Монголын зах зээлд орж ирэхэд дотоодын үйлдвэрүүд үнээр ч, хэмжээгээр ч өрсөлдөхөд хүндрэлтэй болно.
Өнөөдөр бид үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, ажлын байр бий болгох, импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлэх тухай ярьдаг. Гэтэл бодит байдал дээр үйлдвэрлэлийн зардал өндөр, эрчим хүчний асуудалтай, санхүүжилтийн хүртээмж муутай Монголын үйлдвэрүүд гаднын хямд бүтээгдэхүүнтэй нүүр тулах гэж байна.
Энд нэг зүйлийг мартаж болохгүй. ЕАЭЗХ бол зүгээр нэг худалдааны түншлэл биш. Энэ холбооны гол тоглогч нь Орос.
ЕАЭЗХ нь үндсэндээ хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын эдийн засгийн нэгдэл. Орос, Беларусь, Казахстан, Армен, Киргизстан улсын хамтын зах зээлийг бүрдүүлдэг бөгөөд бодит нөлөө нь Оросын эдийн засагт төвлөрдөг. Монгол Улс өнөөдөр шатахууныхаа дийлэнхийг Оросоос авдаг. Мөн эрчим хүчний системийн тодорхой хэсэг нь Оросын цахилгаанаас хамааралтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл, стратегийн гол салбарууд аль хэдийн өндөр хамааралтай байгаа үед худалдааны хамаарлыг нэмэгдүүлэх нь гэсэн үг.
Хэлэлцээрийг дэмжигчид экспорт өснө гэж ярьж байна. Гэвч экспорт өсөх эсэх нь тодорхойгүй. Харин импорт өсөх магадлал өндөр. Учир нь ЕАЭЗХ-ны үйлдвэрлэгчид Монголын зах зээлд нэвтрэхэд бэлэн байна. Харин Монголын үйлдвэрлэгчид тэдний зах зээлд нэвтрэхэд стандарт, ложистик, нийлүүлэлтийн хүчин чадал зэрэг олон саадтай нүүр тулна. Товчхондоо хэдэн барааны тариф буурсан бэ гэдэгт бус монголын үйлдвэрлэгчид зах зээлээ алдах уу гэдэг ирээдүй угтаж байна.