ШУУРХАЙ: Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр тодрох бөгөөд Ц.Цогт, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нар нэр дэвшиж магадгүй байна

ШУУРХАЙ: Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр тодрох бөгөөд Ц.Цогт, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нар нэр дэвшиж магадгүй байна

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор өнөөдөр /2026.06.03/ Шүүгчдийн зөвлөгөөнийг хийж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэхээр болсон. 

Тодруулбал, одоогоос зургаан жилийн өмнө /2020.06.02/ тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилж байсан юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно" гэж заасан. Тэгвэл тус хуулийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өчигдөр /2026.06.02/ дууссан. 

Үүнтэй холбоотойгоор "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудал"-ыг өнөөдөр /2026.06.03/ өдөр хэлэлцэхээр нийт шүүгчид санал нэгдэж, улмаар энэ дагуу тус асуудлыг хэлэлцэхээр болсон байдаг.

Тэгвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хэд хэдэн шүүгч нэр дэвшиж магадгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн цэцийн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилно гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэсний дагуу одоогийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг улиран томилогдох хүсэлтэй байх талтай. Үүнийг ч олон нийт, хуулийн салбарынхан хэлж, шүүмжилж буй. Харин энэхүү мэдээллийг Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр үгүйсгэж, "Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин өрсөлдөхгүй" гэдгийг  хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр тодотгосон.   

Тэгвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн оронд Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Батцэрэн, шүүгч Ч.Хосбаяр нар нэр дэвшиж магадгүй гэх мэдээлэл байна.

Тодотговол, Шүүхийн тухай хуульд "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан байна" гэж заажээ. Энэ дагуу дээрх нэр бүхий шүүгч нар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвших бүрэн боломжтой аж. 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвших өндөр магадлалтай байгаа Ц.Цогт нь

  • 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д (Master of Laws), 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School of Law (Doctor of Laws) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй. Duke University School of Law-н Шүүх судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрт элсэн суралцсан. 
  • 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.
  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
  • 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
  • 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байгаа нэгэн юм. 

Харин шүүгч Ч.Хосбаярын тухайд: 

  • 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль,
  • 2003 онд Төрийн удирдлагын академи,
  • 2014 онд Гаагийн Олон улсын Эрх зүйн академи,
  • 2007 онд Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургууль (Магистр),
  • 2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль (Магистр),
  • 2011 онд АНУ-ын Бригхэм янг Их сургууль (Магистр) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
  • 1988-1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав;
  • 1997-2001 онд “Даянпан” ХХК-д захирал;
  • 2001-2003 онд “Даянпан” ХХК-д хуулийн зөвлөх;
  • 2003-2004 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч;
  • 2004-2006 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч;
  • 2006-2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа нэгэн юм. 

Тэгвэл шүүгч Б.Батцэрэнгийн хувьд: 

  • 1993 онд ОХУ-ын Иваново хотын Хими технологийн академийг химийн үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер мэргэжлээр,
  • 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
  • 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг Удирдлагын мэргэшлээр тус тус төгссөн. Эрх зүйч, инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй.
  • 1996-2000 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн туслах;
  • 2000-2006 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2006-2011 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
  • 2011-2013 онд  Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байгаа нэгэн. Ямартай ч өнөөдөр /2026.06.03/ болох Шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг тодруулах бөгөөд шүүгчдийн зөвлөгөөнөөр тодорсон нэр дэвшигчийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 14 хоногийн дотор томилох учиртай юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө