Эдийн засаг хөгжлийн яам, Монгол Улсын Хөгжлийн банк хамтран “Монгол Улсын хөгжлийн санхүүжилт шийдэл” сэдэвт долоо хоногийн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгийн хүрээнд төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн төслүүдийн санхүүжилтийн шийдлийг тодорхойлохыг зорьж байгаа юм. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнтэй ярилцлаа.
ВИДЕО:
"ХӨГЖЛИЙН БАНК ЭРСДЭЛ ДААХ ЧАДАМЖТАЙ, ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ХУВЬД ТОГТВОРТОЙ БОЛСОН"
-Хэлэлцүүлгийн эхний өдөр болж өнгөрлөө. Тал бүрийн эх сурвалж цуглаж, өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг болж байгаа юм байна. Талуудын төлөөлөл танай банканд ямар санаа, санаачилга, хүсэлтийг тавьж байна вэ?
-Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Хөгжлийн банк”-ны долоо хоног арга хэмжээг зохион байгуулж байна. Эдийн засаг, хөгжлийн яамны энэхүү төвд тус яамны харьяа байгууллага болон бусад яамдын өдөрлөгүүд долоо хоногийн хугацаатай болдог. Энэ долоо хоногт Хөгжлийн банкны долоо хоног болж байна. Энэ хугацааг ашиглаж бидний хувьд бусад төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, хөгжлийн санхүүжилт чиглэлтэй холбоотой оролцогч байгууллагуудад өөрсдийнхөө талаар мэдээлэл өгөх, танилцуулга хийх зэрэг зорилго тавиад ажиллаж байна. Хөгжлийн банк ямар сорилт туулж ирсэн, цаашид юу зорьж ажиллаж байна гэдгээ товч танилцууллаа. Оролцогчид Хөгжлийн банкыг засаглалын хувьд цаашид оновчтой ажиллах, ямар чиглэлд төсөл санхүүжүүлэх, хараат бус байдал зэрэгт олон санал, санаачилга хэллээ.

-Таны хувьд “Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад Хөгжлийн банкны оролцоо” гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавих шиг боллоо. Энэ тухай?
-Хөгжлийн санхүүгийн байгууллага гэж ярих нь тохиромжтой. Бид Хөгжлийн банк гээд нэрлээд сурчихсан байна. Улс орон бүрт өөр нэртэй хөгжлийн санхүүгийн институци бий. Энэ байгууллагын гол чиглэл нь төр буюу төсвөөр санхүүжүүлэх боломжгүй, арилжааны банкууд оролцоход эрсдэлтэй ч нийгэм, эдийн засагт үр өгөөж ихтэй, заавал хэрэгжих ёстой төслүүдэд голчлон ажиллах зорилготой байгууллага юм. Хөгжлийн банк өдгөө энэ үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж байгаа. Бидэнд алдаа ч бий, оноо ч бий. Гэхдээ эдийн засгийн суурь нөхцөлийг сайжруулах нь бидний чухал үүрэг. Эдийн засаг өөрөө хөгжиж явж байгаад тодорхой түвшинд очоод ханадаг. Тэгэхээр энэ эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахад эдийн засгийн суурь нөөцийг тэлэх хэрэгтэй болдог. Тухайлбал, дэд бүтэц, эрчим хүч зэргийг дурдаж болно. Хувийн секторын бизнес эрхлэгч цаашаа хөгжихөд шаардагдах нөөц бололцоог нь нэмэх шаардлагатай. Энэ чиглэлд Хөгжлийн банк нэлээд үүрэг, оролцоотой ажиллах ёстой. Бид ч мөн адил яг энэ сонгодог чиглэлээр нь цаашдаа ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хөгжлийн банк ирэх таван жилд эдийн засгийг хөгжүүлэх улсынхаа төлөвлөгөөнд уялдуулж, төр, хувийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа болон хувийн секторын хэрэгжүүлж байгаа эрчим хүч, дэд бүтцийн төслүүдэд онцгойлон анхаарч ажиллана.

-Хөгжлийн банк үйл ажиллагаагаа эхлүүлээд 15 жилийн нүүрийг үзэж байна. Үйл ажиллагаа нь саарсан ч 2022 оноос эргэн сэргэж эхэлсэн гэж ойлгодог. Яг өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Хөгжлийн банк бол 15 жилийн түүхтэй байгууллага. 2021 оноос чанаргүй актив буюу чанаргүй зээлийн асуудал нийгэмд дуулиан шуугиантай гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн гурван жилд үндсэн үйл ажиллагаа буюу төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломжгүй байдалд орсон. Олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө бол хүлээсэн үүргээ бол хүлээж байгаа. Өр төлбөрөө төлж байгаа. Өр төлбөрөө дахиад өрөөр санхүүжүүлж байгаатай холбоотой зардал өсөж байна. Алдагдал нэмэгддэг гэсэн үг. Энэ бүхнээс үүдэж өр, хөрөнгийн хувьд дутагдалтай, ашигт ажиллагаа хэцүү, активын чанарын асуудал хурцаар тавигдаж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газартай хамтарч өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлд ажилласан. Засгийн газраас манай байгууллагын үйл ажиллагаанд сайн анхаарч, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Мөн төрийн байгууллагуудтай холбоотой өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд нэлээд ахиц гаргасан. Үндсэндээ бол Хөгжлийн банк өөрийн хөрөнгийн хүрэлцээ буюу эрсдэл даах чадамжтай, төлбөрийн чадварын хувьд тогтвортой болсон.
Мэдээж чанаргүй зээлийн асуудал байгаа. Чанаргүй зээлийн асуудал бол богино хугацаанд шийдвэрлэгдэхгүй. Энэ нь өөрөө хууль, шүүхийн процесс явдаг асуудал. Чанаргүй зээлийн асуудлыг шүүхийн шийдвэрээр эцэслэж, албажиж гарахад дунджаар 1300 хоног шаардлагатай гэх судалгаа бий. Энэ ажлууд цаашид үргэлжилнэ.
Өдгөө бидэнд тулгамдсан асуудал бол бизнесээ сэргээх асуудал байна. Хөгжлийн банкны үндсэн үйл ажиллагааг сэргээх, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн санхүүжилтэд оролцох шаардлагатай байна.
"ХӨГЖЛИЙН БАНК ЭНЭ ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛААС ЭХЭЛЖ, САНХҮҮЖИЛТЭЭ ОЛГОЖ ЭХЭЛНЭ"
-Хөгжлийн банк бүтэц, орон тоогоо цомхотгож, бодлогын хувьд сайжруулах зэрэгт ямар арга хэмжээнүүдийг авч байгаа гэх мэдээлэл гарч байсан. Энэ тухай.
-Тийм ээ. Хөгжлийн банк бүтэц, орон тоогоо 40 орчим хувиар бууруулсан. Энэ бол мэдээж зардал хэмнэхийн тулд оновчтой нэгжүүдийг авч үлдэх арга хэмжээ байсан. Алдагдал их байгаа учир активын өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Активын өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд зээл олгохгүйгээр бусад хөрөнгө оруулалтын боломжуудыг өсгөх чиглэлд олон ажил хийсэн. Үр дүнд нь активын хөрөнгийг нэг орчим хувиар нэмэгдүүлсэн байна. Асуудал нь юу вэ гэхээр Хөгжлийн банкны гадагшаа төлж байгаа зардал нь банкны дотоодод олж байгаа орлогоос даваад байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк 10 төгрөг зарж, 9 төгрөгийн орлого олоод байна. Урсгал алдагдал маань өдөр өдрөөр хуримтлагдаж байна. Өөрийн хөрөнгийн дутагдлаас гарахын тулд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Үр дүнд нь актив, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлсэн гэсэн үг.
Гэхдээ активын өгөөжийг сайжруулах, үндсэн бизнесийн үйл ажиллагааг сэргээх асуудал нь үндсэн төсөл санхүүжүүлэх ажил дээр очно. Энэ чиглэлд нэлээд суурь судалгааг хийж байна. Эхнээсээ хэрэгжүүлэх төслүүд бэлэн болсон байна. Энэ оны гуравдугаар улирлаас эхэлж, эхний санхүүжилтээ олгож эхэлнэ. Улмаар Хөгжлийн банк энэ оны эцэс гэхэд урсгал алдагдлаа баланс барих түвшинд хүргэнэ.

"ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ БАЙНА"
-Хөгжлийн банк хуулийн этгээдийн хувьд бие даасан байгууллага гэж байгаа ч төрөөс хараат байна гээд хэлчихэд үнэнээс зөрөхгүй нөхцөл байдалд хүрчээ. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Энэ асуудлыг ярихад бол үндсэн суурь шалтгаан дээрээ л очдог. Энэ бол хууль эрх зүйн орчны асуудал. Бид Дэлхийн банктай хамтарч “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байна. Олон улсын жишгийн дагуу Хөгжлийн банк ямар байх нь зохистой вэ гэдгийг хуулийн төсөлд тусгаж байна. Бид энэ хуулийн төслөө амжвал энэ хаврын чуулганаар УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Энэ бол суурь өөрчлөлт. Мөн дотоод компанийн засаглалын асуудал чухал болоод байна. Иймд Азийн хөгжлийн банктай энэ чиглэлд хамтарч ажиллаж байна. Азийн хөгжлийн банк ирэх таван жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлд зөвлөмж өгсөн. Эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллана. Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд өөрсдөө олон янзын зүйл туршиж ажиллаж үзлээ. Алдаа их байлаа. Ингээд харахад олон улсад шалгарсан жишгийг дагаж ажиллая гэсэн төлөвлөлттэй ажиллаж байна.
-Хөгжлийн банканд итгэх олон нийтийн итгэл, нэр хүнд маш тааруухан болчихсон. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?
-Тийм ээ. Энэ бол үнэхээр бидний хувьд ярих, анхаарах шаардлагатай ажил болоод байна. Нэгдүгээрт, гадагшаа чиглэсэн, нийгэмд чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөж байна. Өдгөө нийгэмд Хөгжлийн банк асуудалтай, зээлдэгч нь асуудалд ордог зэрэг ойлголт төрчихөөд байна. Үндэсний томоохон компаниуд болон төсөл хэрэгжүүлж буй байгууллагууд зээл хүсэх нь багассан байна. Нөгөө талд ажилтан, мэргэжилтнүүд энэ байгууллагад ажилладаг гэдэгтээ сэтгэл хангалуун бус, бахархах, сэтгэл ханамж бага болчихоод байна. Цаашлаад шийдвэр гаргалтын түвшинд ч шийдвэр гаргах хүн бага болчихоод байна. Энэ шийдвэрийг би гаргаснаар асуудалд орчих юм болов уу гэх болгоомж байна гэсэн үг. Энэ бүхэн маань манай үйл ажиллагаанд чөдөр тушаа болоод байна. Энэ ойлголтыг сайжруулах чиглэлд ажиллаж байгаа.
ОДОО ЧАНАРГҮЙ 20 ОРЧИМ ЗЭЭЛ БАЙГАА Ч БИД ӨНГӨРСӨН ХУГАЦААНД 3000 ГАРУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭН БАЙНА
-Манай улсад хэрэгжүүлэх маш олон мега төслийг нэрлээд байна. Энэ бүхнийг төсөв даахгүй. Бүгдийг бонд босгоод өр тавиад байх боломж хязгаарлагдмал. Тэгэхээр бүтцийн хувьд Хөгжлийн банк байх нь чухал байх?
-Тийм ээ. Хөгжлийн банк бол зайлшгүй байх шаардлагатай бүтэц мөн. Дэлхийн 149 оронд хөгжлийн институци байна. Үр ашигтай байж чадвал нийгэм, эдийн засагт их үр өгөөж бүтээдэг бүтэц. Хэлэлцүүлгийн үеэр БНСУ, БНХАУ зэрэг улсын Хөгжлийн банкны жишээг дурдаж байна. Хөгжиж буй манай улсын хувьд зайлшгүй байх шаардлагатай бүтэц. Харин үүргээ яаж гүйцэтгэх вэ гэдэг асуудал байна. Төсөв бол хязгаарлагдмал, хувийн сектор бол ашигтай зүйлсэд хандана. Манай улс шиг хөгжиж буй улсад олон улсын санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийх, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх сонирхол их бий. Үүнийгээ ч илэрхийлдэг. Энэ бүгдийг холбох, орон зайд ажиллах үүрэгтэй институци нь Хөгжлийн банк байх ёстой. Энэ чиглэлд л бид анхаарч ажиллана. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, сайн жишгийг нутагшуулах, эх үүсвэрийнхээ зардлыг бууруулах замаар улсын томоохон мега төслүүдийг санхүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Бид энэ үүргээ биелүүлэх болно.

-Хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн шинэ түвшинд гарч ирлээ гэх үг олон давтагдах шиг боллоо.
-Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд тодорхой үүргийг гүйцэтгэсэн. Хөгжлийн банктай холбоотой одоогийн үүссэн чанаргүй зээлийн асуудал 20 байна. Бид өнгөрсөн хугацаанд 3000 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна. Амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр олон бий. Монгол Улсын цементийн салбарт Хөгжлийн банк маш их үүрэг гүйцэтгэсэн. Эрчим хүч, дулааныг нэмэгдүүлэх чиглэлд багагүй ажил хийсэн. Үүний үр нөлөө, үр ашгийг бид хүртэж явж буй асуудал бий. Хөгжлийн банкны үйл ажиллагаа ёроолдоо хүртэл унасан. Бид ч сургамж авсан. Одоо бол энэ сургамж дээрээ үндэслээд босч ирэх үе гэж харж байна. Энэ чиглэлээр суурь нөхцөлүүдээ биелүүлсэн. Тодорхой асуудлаа шийдвэрлэсэн. Гараанаас гарахад бэлэн гэдэг шиг нөхцөлд хүрсэн гэсэн үг. Энэ оны хоёрдугаар хагас бол Хөгжлийн банк өөрийгөө дахин сэргээсэн үе байх болно гэж найдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.