АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг аюулгүй гаргах зорилготой “Эрх чөлөөний төсөл” ажиллагааг эхлүүлэхээр болсноо мэдэгджээ.
Түүний хэлснээр, дэлхийн олон орон, ялангуяа Ойрхи Дорнодын мөргөлдөөнд оролцоогүй улс орнууд АНУ-аас тусламж хүссэн байна. Эдгээр хөлөг онгоцууд нь “төвийг сахисан, гэм зэмгүй ажиглагчид” бөгөөд одоогийн нөхцөл байдлын “хохирогчид” гэж Д.Трамп онцолжээ.
Тэрбээр “Иран, Ойрхи Дорнод болон АНУ-ын нийтлэг ашиг сонирхлын үүднээс бид эдгээр хөлөг онгоцыг аюулгүй гаргаж, бизнесээ хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн АНУ-ын төлөөлөгчдөд хөлөг онгоц болон багийнхныг бүс нутгаас бүрэн аюулгүй гаргах хүртэл бүх боломжит арга хэмжээг авахыг үүрэг болгожээ. “Эрх чөлөөний төсөл” ажиллагаа Ойрхи Дорнодын цагаар өнөөдөр /2026.05.04/ өглөөнөөс эхлэх бөгөөд АНУ-ын тал Ирантай “эерэг” хэлэлцээ хийж байгаа гэж Д.Трамп мэдээлсэн байна. Тэрбээр эдгээр хэлэлцээ бүх талд ашигтай үр дүнд хүрч болзошгүйг онцолжээ.
Мөн уг ажиллагааг “хүмүүнлэгийн шинжтэй алхам” гэж тодорхойлж, хоолойнд гацсан олон хөлөг онгоц хүнс, эрүүл ахуйн хэрэгслээр дутагдаж байгааг дурдсан байна. Харин энэ үйл явцад саад учруулах аливаа оролдлогыг “хүчээр таслан зогсооно” хэмээн анхааруулжээ. Одоогоор Ормузын хоолой дахь нөхцөл байдал хэвийн болоогүй хэвээр байгаа бөгөөд дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт, тээвэрлэлтийн аюулгүй байдалд нөлөөлсөөр байна.
Эх сурвалж: BBC