Өчигдөр /2026.05.04/ өглөө Ардчилсан намын Улс төрийн зөвлөл /УТЗ/ хуралдаж таван асуудлаар журам гаргаж, улмаар О.Цогтгэрэл дарга УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өгөх асуудлаар Улс төрийн зөвлөлтэйгөө “зөвшилцөх” байсан ч, УТЗ-ийн гишүүдийн ирц хүрэхгүй байсаар УИХ дахь АН-ын бүлгийн хурлын цагтай давхацсан байгаа юм.
-АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР “БҮЛГИЙН ДАРГЫН АСУУДЛАА ОГТ ЯРИАГҮЙ” БАЙНА-
Энэ зуур хэвлэл, цахим сүлжээнд “УИХ дахь АН-ын бүлгийн дарга солигдох нь, тус албан тушаалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэр яригдаж байна” гэсэн мэдээлэл гарч, мөн “Женко” хочит Х.Баттулгын парламент дахь гар, хөлийн гишүүд ч, “Х.Тэмүүжинийг дэмжинэ” хэмээн нээлттэй мэдэгдэж, тэд энэ үеэрээ Ц.Баярцогтыг шүүмжлэлдээ давхар “чирч”, дотоод бухимдлаа ил зарласан нь олон нийтийн анхаарлыг татах шалтгаан болсон.
Харин нөгөө талд Улс төрийн зөвлөлийн ирц хүрээгүй уулзалтаасаа О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаа орж ирэхэд нь Б.Пүрэвдорж гишүүн “намаа эмхэлж, цэгцэлсний дараа бүлгийн даргын асуудлыг шийднэ гэж ярьж тохирсон шүү дээ. Иймээс Лхагва гараг /2026.05.06/-т болох Үндэсний бодлогын хорооны хурлаараа Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэд дарга нараа тодруулсны дараа бүлгийн даргын асуудлаа ярья” гэсэн утгатай үг хэлснээр түүний санал дэмжигдсэн байна. Тодруулбал, Б.Пүрэвдорж гишүүний “бүлгийн хурлаа хойшлуулъя” гэсэн саналыг АН-ын 22 гишүүн дэмжсэн бол 18 татгалзсан байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Бүлгийн даргад нэр дэвшилт ч яваагүй. Хэлэлцээгүй асуудал дээр би юм ярихгүй” гэж мэдэгдээд байсан нь ч, ийм учиртай.
Гэхдээ өчигдөр өглөө хуралдаж чадаагүй АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр оройдоо хуралдаж, маргааш /2026.05.06/ хуралдах Үндэсний бодлогын хорооны хурлаараа батлуулах таван журмыг хэлэлцжээ. Тухайлбал, Хяналтын ерөнхий хорооны ажиллах журам, Улс төрийн зөвлөлийн ажиллах журам, Бодлогын ерөнхий зөвлөлийн ажиллах журам, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журам, УИХ-д нэр дэвшигчийг тодруулах журам гэсэн таван журмыг хэлэлцжээ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуудал огт яригдаагүй байна. Товчхондоо, сүр дуулиан болгоод байсан АН-ын Улс төрийн зөвлөлийн хурал өглөөдөө ирц хүрээгүй, оройдоо таван асуудал хэлэлцээд л тарж.
-З.ЭНХБОЛД ДЭЭР ХИЙСЭН МЭДЭГДЛЭЭ Х.ТЭМҮҮЖИН ДЭЭР ХИЙХЭЭР Х.БАТТУЛГЫН ХҮМҮҮС БЭЛДЭЖ БАЙЖ МАГАДГҮЙ-
Гэтэл орой хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлын дараа нэр бүхий сэтгүүлч, сайтууд “АН дахин дундуураа хоёр хуваагдлаа. Улс төрийн зөвлөлөө татан буулгаад, С.Баярцогтыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрээ цуцаллаа” гэсэн илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд нэгэн зэрэг цацжээ. Тэгвэл “Х.Тэмүүжинг дэмжинэ” гэх Х.Баттулгын хүмүүсийн мэдэгдэл болон “С.Баярцогтыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрээ цуцаллаа” гэсэн мэдээллүүд нь нэг эзэн, нэг зорилготой алсдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чиглэх пиар, хэвлэлийн ажлууд байж магадгүй байна.
Тухайлбал, З.Энхболдыг хоёр жилийн ял авсны дараа, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдэгдэл хийж, “З.Энхболд АН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга болонгуутаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг хүчтэй мэдэгдэл хийсний төлөө өнөөдөр шоронд хийж байна” хэмээн ярьсан. Үнэндээ, З.Энхболд болон түүний төрсөн дүү З.Хишигтогтох нартай маш ойрхон олон жил явсан хүмүүс “Страто” ХХК-ийн ард “Хээгий” буюу З.Хишигтогтох байдаг гэдгийг нь мэддэг юм билээ.
Иймээс ч шоронд орохоо мэдэж байсан юм шиг З.Энхболд урьдаж “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын талаар хууль санаачлах эрхгүй. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хуулийн санал хураалт явуулах хуралд орохгүй” гэсэн мэдэгдэл хийж Х.Баттулгын гар хөлүүдэд зориуд “сайхан өгөөш”-ийг бэлдэж өгсөн байж магадгүй байдаг.
Харин одоо “У.Хүрэлсүх рүү чиглэсэн” дараагийн хүнээрээ Х.Баттулгын парламент дахь гар хөлүүд Х.Тэмүүжинг сонгосон байж магадгүй байна. Учир нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгуулах гэж буй гишүүдийн нэрс Х.Тэмүүжиний нэр яригдаж байгаа. Зарим эх сурвалжууд, “300 м/кв байр хахууль авсан байж болзошгүй асуудал шүүхэд шилжиж байгаа” гэсэн мэдээллийг ч өгч байгаа юм.
Өнөө маргаашгүй УЕП оос 300м/кв байр хахууль авсан гэх үндэслэлээр татуулахаар Женко ажилласан. Үр дүн ч гарсан. Зи шиг дэвшүүсэн. Тэр л авч явсан гэх тархи угаалтаа одоо хийж байгаа. Итгэхгүй байвал Цэнхэр үст Цэрэнгийн гомдолоор хэрэг үүсээд шүүхэд шилжиж байгаа. Сайн бод бод. https://t.co/v9U96O8KQE
— Baasankhuu Oktyabri (@baasankhuu_o) May 4, 2026
Тэгэхээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний бүрэн эрхийн асуудал хөндөгдсөн тохиолдолд магадгүй “АН-ын бүлгийн дарга Х.Тэмүүжинг Ерөнхийлөгч шоронд хийж, хэлмэгдүүлэх гэж байна” хэмээн олон нийтийн урд хийх улс төрөө л алсаас бэлдээд байж магадгүй байгаа юм. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Х.Баттулгатай нийлсэн гэхэд итгэхэд бэрх. Учир нь Х.Тэмүүжинд “сайн ах” гэсэн нэрийг зүүж өгөөд улс төрийн карьерт нь нөлөөлсөн хүн бол Х.Баттулга. Гэхдээ "улс төрд мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн ашиг сонирхол бий” гэсэн үг л биеллээ олж байх шиг байна.
Нөгөөтэй Х.Баттулгын гар хөлүүд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад горилогч С.Баярцогтыг муулаад байгаагийн цаана "АН дотор С.Баярцогт нөлөөтэй болчих вий" хэмээн болгоомжилж байх талтай. Энэ талаар С.Баярцогт, "Х.Баттулга бол 2023 онд намайг АН-ын даргад нэр дэвшихэд гадаадаас нисэж ирж, зохион байгуулалттай жагсаал цуглаан хийж байсан. Намайг намын дарга болгохгүй, Ерөнхий нарийн бичгийн дарга болгохгүй гэж айдаг юм уу, хүмүүсийг турхирдаг. Тэд нар нь дандаа Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс байдаг" хэмээн ярьжээ.