"Эрдэнэс Монгол" ХХК Ц.Энхтүвшин, Э.Номинчулуун нар эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй байгаа "Багануур", "Шивээ овоо" ХК-д зөвшөөрөлгүй нүүрс олборлуулсаар байгаа нь шалгалтаар илэрчээ

"Эрдэнэс Монгол" ХХК Ц.Энхтүвшин, Э.Номинчулуун нар эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй байгаа "Багануур", "Шивээ овоо" ХК-д зөвшөөрөлгүй нүүрс олборлуулсаар байгаа нь шалгалтаар илэрчээ

Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг эрчим хүчний нүүрсээр хангадаг “Эрдэнэс Монгол” ХХК дийлэнх хувийг нь өөрсдөө эзэмшдэг ч тодорхой хувийг нь хувийн аж ахуйн нэгж, хувь хүмүүс эзэмшдэг "Багануур" ХК, "Шивээ-Овоо" ХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийнхөө талбайгаас "Зөвшөөрөлгүй" нүүрс олборлуулсаар байгаа нь аудитын байгууллагын шалгалтаар илэрчээ.  

-"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК НЬ "ШИВЭЭ ОВОО"-ТОЙ УЛААНБААТАРЫН ДЦС-УУДЫГ НҮҮРСЭЭР ХАНГАНА ГЭЖ АНХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ-

Тодруулбал, "Эрдэнэс Монгол" ХХК нь өөрийн эзэмшлийн MV-13311, MV-13312 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг шилжүүлэн ашиглуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад 2009 оноос эхлэн "Шивээ Овоо" ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээг жил бүр сунган тус талбайд нүүрс олборлуулсаар байгаа аж.

Анх хамтран ажиллах гэрээний зорилгыг Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагын хүрээнд "Шивээ Овоо" ХК-ийн гаргасан хүсэлт, тухайн үеийн ЭБЭХЯ-аас өгсөн чиглэлийн дагуу нүүрс олборлох гэж тодорхойлж байсан байна. Улмаар гэрээг жил бүр шинэчилж, 2024 оноос эхлэн гэрээний зорилгыг "нүүрс олборлон, сар бүр төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулах" гэж тодорхойлох болсон байна.

"Шивээ Овоо" ХК-ийн нийт хувьцааны 90 хувийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч "Эрдэнэс Монгол" ХХК, 10 хувийг бусад хувьцаа эзэмшигчид эзэмшдэг байгаа юм. 

Нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд "Шивээ-Овоо" компанийн бүртгэл энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр шинэчлэгдэн байх бөгөөд "Шивээ-Овоо" ХК-ийн хувь эзэмшил "Эрдэнэс Монгол" ХХК дээр, харин гүйцэтгэх захирлаар Г.Батсуурь бүртгэлтэй байх бол эцсийн өмчлөгчөөр нь өмнөх захирал болох Ц.Энхтүвшин бүртгэлтэй байна. Мөн 2017 онд  Мөрдөн байцаах алба Ахлах мөрдөн байцаагч Л.Лхагвадорж, 2017, 2018 онд Хөгжлийн банк Хэлтсийн захирал Л.Мягмаржав нар тус компанид "хөрөнгө оруулсан" хэмээн мэдүүлж байсан бүртгэл хадгалагджээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-САЙД АСАН Д.ЗОРИГТ, Д.ДОРЛИГЖАВ НАРЫН ХҮМҮҮСИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ "ШИВЭЭ ОВОО" ХК "ЭРДЭНЭС МОНГОЛ"-ЫН ТАЛБАЙГААС ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НҮҮРС ОЛБОРЛОЖ БАЙНА-

Аудитын дүгнэлтэд мөн "Шивээ овоо" ХК-ийн эзэмшлийн MV-000901 тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын нөөц дуусаж, 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 8.0 сая тонн үлдэгдэл нөөцтэй гэж тайлагнагдсан байна гэдгийг тодотгосон байгаа юм. 

Түүнчлэн аудитын байгууллагаас "Эрдэнэс Монгол" ХХК-ийг өөрийн эзэмшлийн MV-021484 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг шилжүүлэн ашиглуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй байхад хувьцааны 25.0 хувийг олон нийт эзэмшдэг, "Багануур" ХК-д ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулахгүйгээр нүүрс олборлуулсаар байгаа илрүүлсэн байна.

"Багануур" ХК-ийн нийт хувьцааны 75 хувийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч "Эрдэнэс Монгол" ХХК харин 21.06 хувийг "Монголиан коал корпорейшн" ХХК, 3.94 хувийг аж ахуйн нэгж, хувь хүмүүс эзэмшиж байгаа юм. 

Тус мэдээллийг нарийвчилж үзвэл "Багануур" ХК-ийг "Монгол алт МАК" ХХК, "Улаанбаатарменежмент" ХХК болон Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд асан Д. Зоригт, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Ч.Улаан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан Д. Ядамдорж нарын 100 гаруй албан тушаалтнууд хөрөнгө оруулсан хэмээн ХОМ-тээ дурдаж байсан талаарх мэдээлэл бүртгэлтэй байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Гэтэл ийнхүү хувь хүн, хувийн аж ахуйн нэгжүүд тодорхой хувийг нь эзэмшдэг "Багануур", "Шивээ-Овоо" компаниудад "Эрдэнэс Монгол" компани тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа зөвшөөрөлгүй нүүрс олборлуулсаар байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж байгаа тул ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглуулахтай холбоотой гэрээний харилцааг холбогдох хууль, журамд нийцүүлэх, төрийн өмчийн ордыг хувьцаат компанид ашиглуулахад гарч болзошгүй эрсдэлийг тооцож, ашиглалтын үр дүн, ашгийн хуваарилалт, хяналтын тогтолцоог тодорхой болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгажээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө