Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан хэрэг энэ сарын 01 /2026.04.01/-ний өдөр гарсан билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадна явж байхад үл таних этгээд цохиж, халдсан байдаг.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад 32 настай, эрэгтэй, Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын цээжин тус газар нь нэг удаа цохисон болох нь тогтоогдсон гэдэг. Улмаар тухайн иргэнийг эрүүлжүүлж, хэргийг бүртгэлд авч, шалгаж эхлээд байсан юм.
Харин УИХ-ын гишүүн Г.Ганбаатар нь дээрх хэргийн талаар ярихдаа, "Би 23:00 цагийн орчимд байрныхаа үүднээс жолоочоо буцаагаад орц руугаа орох гээд явж байтал нэг залуу зөрөхдөө юу, юугүй, үг дуугүй цээжин тус газарт цохиод авсан. Тиймээс би биеэ хамгаалахын тулд барьцалдаж автал "Чи зүгээр байгаарай. Чамайг алнаа" гээд дайраад байсан. Харин энэ үед хоёр залуу ирж, биднийг салгаж, цагдаа дуудсан байсан. Ингээд цагдаагийн бүрэлдэхүүн ирж, надаас мэдүүлэг авсан. Харин цагдаагийн байгууллага тухайн этгээдийг олж тогтоосон байсан. Энэ хэргийг ямар нэгэн улс төрийн зорилготой энэ тэр гэж хэлэхгүй" хэмээн ярьсан байдаг.
ВИДЕО: Хэрэг явдлын талаар УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын өгсөн тайлбар.
Тэгвэл тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас зөрчлийн хуулийн дагуу шалгаж, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж, улмаар хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн аж.
Харин тус шүүх уг хэргийг хэлэлцээд УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан гэх иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар буюу "Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан" хэмээн үзэж, тухайн иргэн Б-г 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл /Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах/-ийн 1-д Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан бол 3-д "Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заасан байна.