Оросын газрын тосны үйлдвэр дахин Украины халдлагад өртөж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Оросын газрын тосны үйлдвэр дахин Украины халдлагад өртөж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Украины нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас Хар тэнгисийн эрэг дэх Оросын Туапсе хотын газрын тос боловсруулах үйлдвэрт томоохон гал гарч, ойролцоох барилгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай орон нутгийн эрх баригчид Мягмар гарагт мэдээлжээ.

Голчлон экспортын зориулалттай газрын тос боловсруулдаг Роснефть компанийн энэ үйлдвэр өмнөх халдлагын улмаас дөрөвдүгээр сарын 16-наас хойш үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. “Туапсе хотод дахин нэг ноцтой хэрэг гарлаа. Нисгэгчгүй онгоцны дайралтын дараа газрын тос боловсруулах үйлдвэрт томоохон хэмжээний гал гарсан” гэж Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьев өөрийн Телеграм сувгаар мэдээлжээ. Туапсе хот харьяалагддаг дүүргийн захирагч Сергей Бойко гал тархах аюул өндөр байгаатай холбогдуулан үйлдвэрийн ойролцоох барилгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан байна. Өмнөх халдлагын дараа Туапсегийн үйлдвэр болон ачаа тээврийн боомтод гал гарсныг унтраахад нэлээд хэдэн хоногийг зарцуулж байв. Энэ үеэр мөн тэнгисийн усанд их хэмжээний газрын тос асгарсан юм. Үүний улмаас агаар бохирдож, “хар бороо” орох болсон тул орон нутгийн иргэдэд гэрээсээ гарахгүй байх, хаалга, цонхоо нээхгүй байх, гадаргуу дээр тогтсон хар бүрхүүлийг арчиж цэвэрлэх зөвлөмжийг эрх баригчид өгч байв. Туапсе дахь үйлдвэр нь жилд 12 сая тонн буюу өдөрт 240,000 баррель газрын тос боловсруулж, нафта, дизель түлш, түлшний тос, вакуум хийн тос зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Ойрх Дорнодод дайн дэгдэж, зуучлагч АНУ-ын анхаарал суларч, энхийн яриа хэлэлцээ мухардалд орсны дараа Украины тал Оросын газрын тосны үйлдвэрүүд, боомтуудыг чиглэсэн агаарын халдлагаа улам эрчимжүүлээд байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө