Засгийн газрын өнөөдрийн /2026.03.04/ ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулав. Сангийн сайд Б.Жавхлан манай улсын Засгийн газар “Сенчири-5” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Засгийн газраас “Сенчири-5” өрийн зохицуулалтын арга хэмжээг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай хэрэгжүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд 500. сая ам.долларын бондыг зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр арилжаалсан. Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийж чадлаа. Засгийн газар өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулснаар 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм. Засгийн газраас өрийн зохицуулалтын арга хэмжээг авах үед дэлхий дахинд цэргийн ажиллагаа үүсээгүй байсан. Түүнээс урьтаж, цаг үеэ маш сайн тодорхойлж, эгзэгтэй үед тохиромжтой байдлаар бонд гаргасан нь сайн хэрэг боллоо.
Бондын захиалгад Ази, Америк Европ тивийн 93 хөрөнгө оруулагчийн 1.6 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Өөрөөр хэлбэл, 500 сая ам.долларын бонд гаргахад 3.2 дахин санал ирсэн байна.
Энэ удаагийн бонд 5.95 хувийн хүүтэй буюу эрсдлийг 2.22 хувиар бууруулсан нь Засгийн газрын түүхэнд хамгийн бага эрсдлийн түвшинд гарсан бонд боллоо. Эрсдлийн түвшин бага гарсан нь гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад итгэл үзүүлж байгаагийн илрэл боллоо гэж үзэж болно. Бондыг амжилттай гаргаснаар дараах эерэг дөрвөн үр дагавар эдийн засагт үзүүлнэ. Жил бүр олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагч нартаа зориулж бенж марк тогтоодог. Гадаад нөхцөл байдал тодорхойгүй үед Засгийн газар түүхэндээ үнэт цаасны хамгийн бага эрсдлийн түвшинг тогтоосон нь цаашдаа гадаадын санхүүгийн хөрөнгө оруулагч нарын итгэлийг үргэлжлүүлсэн, зах зээлийнхээ хүүг тодорхой болгосон, дотоодын ААН -ийн олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан корпит бондын хүүгийн суурь түвшинг багасгаж чадсан үзүүлэлт болж байгаа. Өөрөөр хэлбэл, эндээс цаашаагаа гарах хувийн хэвшлийн корпит бондууд маань одоо байгаа хүүгийн түвшинг буулгах, шинээр бонд гаргахад бага хүүтэй гаргах боломжийг бүрдүүллээ. 2028 он хүртэл хүү нь төлөгдөх 320 сая ам.долларын 8.65 хувийн хүүтэй зардлыг 5.95 болгож, нийтдээ 57 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг бодитоор хэмнэх боломж гарлаа. Гуравдугаарт, нөөцөө тодорхой хэмжээгээр хамгаалж чадлаа. Хэрвээ бид энэ бондыг амжилттай гаргаж чадаагүй бол гурван сард Монгол Улсын валютын нөөц дор хаяж 150 сая ам.доллар, төгрөгийн ханшаар харвал 530 тэрбум төгрөгөөр Төрийн сан нэг гүйлгээгээр багасгах эрсдлээ арилгаж чадлаа. Хэрвээ долоо хоног алдсан бол хүүгийн зардлыг буулгаж чадахгүй байх эрсдэл биднийг хүлээж байгаа нь тодорхой харагдаж байна. Энэ удаагийн бондын зохицуулалт нь үндсэндээ хоёр том зорилготой байсан. Энэ он болон 2028 он хүртэл үргэлжилж байгаа өндөр үнэтэй бондын хүүгийн зардлыг бууруулах. 2026, 2027, 2028 онд нэг дор орж ирэх өндөр төлбөрүүдийг хойшоо хугацаагаар нь төсөвт дарамт багатайгаар тараан байршуулах зорилготой байсан" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: