"Шүгэл үлээгч"-ийн хамгаалалтыг бүрдүүлээгүй нь Монгол Улсын авлигын индекс ухрах нэг шалтгаан болжээ

"Шүгэл үлээгч"-ийн хамгаалалтыг бүрдүүлээгүй нь Монгол Улсын авлигын индекс ухрах нэг шалтгаан болжээ

Олон улсын авлигын төсөөллийн индексийг жил бүр гаргадаг Трансперенси Интернэшнл байгууллага 2025 оны судалгааны дүнг танилцуулсан. Энэхүү судалгаанд 182 улс хамрагдсанаас Монгол Улс 33 оноо авч, 124 дүгээр байрт жагссан нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болов. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Авлигын төсөөллийн индекс тогтмол буурч, ухарсан үзүүлэлттэй байгаа билээ.

Тодруулбал, сүүлийн таван жилд,

  • 2020 онд 35 оноо авч 111 дүгээр байрт,
  • 2021 онд 35 оноо авч 110 дугаар байрт,
  • 2022 онд 33 оноо авч 116 дугаар байрт,
  • 2023 онд 33 оноо авч 121 дүгээр байрт,
  • 2024 онд 33 оноо авч 114 дүгээр байрт эрэмбэлэгдсэн.

Авлигын төсөөллийн индекс

Трансперенси Интернэшнлийн тайланд, Монгол Улсын авлигын индекс 2025 онд 10 байраар ухрахад нөлөөлсөн хүчин зүйлсийг эрсдэлийн үнэлгээ муудсан, бизнесийн орчин хүндэрч итгэл сулраад буй, хуулийн засаглалын хэрэгжилт хангалтгүй хэвээр байгаа зэрэгтэй холбон тайлбарласан байна. Тус тайланд Монгол Улсын зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай таван чиглэлийг мөн онцолжээ. Эдгээр чиглэлүүдийн нэг нь “Хүний эрх хамгаалагч болон шүгэл үлээгчийн бодит хамгаалалтыг бүрдүүлэх” асуудал байв. Тиймээс бид энэ удаад  Монгол Улс уг асуудалд хэрхэн анхаарал хандуулж байсныг хөндөж байна 

-ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД 100 МЯНГААС 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО ГЭЖ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАЖ БАЙЖЭЭ-

Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэн ч өнөөдрийг хүртэл шүгэл үлээгчийг хамгаалах бие даасан хуулийг батлаагүй байна. Дэлхий даяар конвенцод нэгдсэн 140 гаруй улсаас 59 нь шүгэл үлээгчийн тухай хуулийг хэрэгжүүлдэг гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг Улсын их хуралд өргөн барьж, 2022 онд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн ч түүнээс хойш батлах үйл явц зогсонги байдалд орсон. Харин 2024 онд сонгогдсон шинэ парламент болон Засгийн газар уг хуулийг батлуулах зорилт дэвшүүлсэн боловч өнөөг хүртэл бодит ахиц гараагүй юм.

Уг нь тус хуулийн  төсөлд,

  • Амаар, эсхүл бичгээр "шүгэл үлээнэ"
  • Илт худал мэдээллээр шүгэл үлээсэн бол хяналт шалгалт явуулахгүй
  • Шүгэл үлээгчийн гаргасан хүсэлтэд үндэслэн хамгаалалтад авч болно
  • Шүгэл үлээсэн ажилтандаа ажлаас халах, цалинг нь үндэслэлгүйгээр бууруулах зэрэг арга хэмжээ авахыг хориглоно
  • Шүгэл үлээгчид 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгоно зэрэг гол заалтуудыг тусгажээ.

Судлаачдын анхааруулж байгаагаар зөвхөн хүсэлт гаргасан эсэхээс үл  хамааран эрх бүхий байгууллага өөрөө санаачлан иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг байх нь зөв аж.  

-ИРГЭД ШҮГЭЛ ҮЛЭЭХ НЬ БАЙТУГАЙ ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ НЬ Ч ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА- 

“Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль”-ийн төсөл эрх баригчдын “ам”-ыг харан, тоосонд дарагдаж байх хооронд шүгэл үлээгчид, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэд яаж хохирч байгаа талаар олон жишээ дурдаж болно.

Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжилж, шүгэл үлээж байсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнгөрсөн онд “Би Үндсэн хуулийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ирсэн. Үүнээс болж өнгөрсөн арван сарын хугацаанд намайг гүтгэж, харлуулж, дайрсан үйлдэл тасралтгүй үргэлжилсэн” хэмээж байв. Мөн тухайн үед түүний гэр бүлийн гишүүдийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан бөгөөд уг асуудлыг улс төрийн байр суурьтай нь холбон тайлбарласан байдаг. Шалгалтын эцсийн дүгнэлт олон нийтэд нээлттэй байдлаар гараагүй ч уг үйл явдал нь шүгэл үлээгч болон түүний ойрын хүрээлэлд үүсэж болох эрсдэлийг харуулж буй юм.

Энэ мэтчилэн шүгэл үлээгчид тохиолдох дарамтын асуудал дан ганц улстөрчдөөр хязгаарлагдахгүй. Өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг харуулсан “18 хоног” баримтат киног бэлтгэж байсан “Ноорог” медиагийн багийг цагдаагийн байгууллагаас шалгаж, техник хэрэгслийг нь хураан авсан тохиолдол гарч олон нийтийг шуугиулж байлаа. 

Дараа нь дээрх үйл явдлаас хоёр сар гаруйн хугацааны дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үндэслэлгүй хөрөнгөжсөн болон хүү, бэр хоёрынх нь тансаглал орлогоосоо давсан байж болзошгүй асуудалд ард түмэн бухимдлаа илэрхийлж, “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулж, улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулж байв. Ийнхүү үзэл бодлоо илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаар шүгэл үлээсэн “Ноорог” медиагийн үүсгэн байгуулагч О.Уламсайханыг ялгаварлан гадуурхах, эрх чөлөөнд нь халдах зэргээр олон сөрөг үр дагавар гарсан байдаг.

Түүнчлэн О.Уламсайханы мэдээлснээр жагсаалын дараа байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл үүссэн, цахим орчинд нэр хүндэд нь халдсан гүтгэлэг, зохион байгуулалттай мэт харагдах дайралтууд үргэлжилсэн байна. Тэрбээр халдлагыг улс төрийн захиалгатай эсэхийг шууд дүгнэх боломжгүй хэмээн мэдэгдсэн боловч “жагсвал ийм болдог” гэсэн айдас нийгэмд төрүүлэх эрсдэл байгааг ярилцлагандаа онцолж байлаа. Монгол Улсын иргэд Үндсэн хуулиараа үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Тэгвэл авлигын индексийн бууралт, эрх зүйн орчны зогсонги байдал болон дээр дурдсан зарим жишээнүүд нь шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг олон улсын стандарт, туршлагад нийцүүлэн баталж, хэрэгжилтийг нь бодитоор хангах шаардлага тулгарсныг илтгэж байгаа юм.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө