Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг бизнесийн орчныг дэмжих чиглэлээр гарсан тогтоол болон өнгөрсөн долоо хоногт гарсан төрийн албан хаагчдыг зайнаас ажиллуулах шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "МУ-ын Ерөнхий сайдын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд нийслэлд өгч байгаа 146 төрлийн зөвшөөрлийг мэдэгдээд шууд эхэлдэг болохоор Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоол хэрэгжсэнээр фитнес, кофе шоп, гутал засвар, оёдол зэрэг эрсдэл багатай үйлчилгээ, бизнес эрхлэх гэж байгаа иргэд E business платформд хүсэлтээ өгмөгц Засгийн газраас тухайн бизнесийг эрхлэх үйл шаардлагатай хууль тогтоомж, холбогдох мэдээллийг иргэний бүртгэлтэй И-мэйлээр, И-Монголиа систем эсвэл мессеж хэлбэрээр мэдээлэл хүргүүлнэ. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой төрөөс болон мэргэжлийн байгууллагаас авах аливаа дүгнэлт, тодорхойлолтыг төрийн байгууллага өөрөө иргэндээ очиж үйлчилдэг болно. Энэ хүрээнд МУ-ын төрийн аль ч байгууллага IT-ийн програм хангамж хөгжүүлэхээ болино" гэв.