Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт цогц арга хэмжээ авсны үр дүнд 150 тэрбум төгрөг хэмнэж эмч, ажилтнуудын цалинг нэмнэ

Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт цогц арга хэмжээ авсны үр дүнд 150 тэрбум төгрөг хэмнэж эмч, ажилтнуудын цалинг нэмнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Тэрээр "Эмнэлгүүдийн хувьд яг адилхан тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хэрнээ зарим эмнэлэг илүү ашигтай ажиллаж, зарим нь 20 тэрбум төгрөг хүртэл алдагдалтай ажиллаж байна. Үүнээс тухайн эмнэлгийн бүтээмж, менежмент муу байгааг харж болно. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс 9 хувь, есдүгээр сарын 1-нээс 9 хувиар нэмж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гэтэл нэмэгдэл цалинг өмнөх нэмэгдээгүй цалингаас олгож байна. Эмч, ажилтнуудыг нэг ижил цалингийн шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Би өмнө нь Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудалтай танилцаж байгаагаа хэлсэн. Ингэхдээ авч хэрэгжүүлж болох хэд хэдэн арга хэмжээ анзаарсан. Энэ цогц арга хэмжээг авсны үр дүнд 150 тэрбум төгрөг хэмнээд эмч, ажилтнуудын цалинг нэмэх боломжтой болно. Ингэхдээ, лавлагаа шатлалын эмнэлгээс зарим шаардлагагүй тусламж үйлчилгээг анхан шат руу шилжүүлэх замаар багцаас нь хасна. Гуравдугаар шатлалын эмнэлэгт очиж байгаа иргэдийн бараг 70 хувь нь анхан шатнаас үйлчилгээ авах боломжтой иргэд байна. Тиймээс эхний ээлжинд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Тэгэхийн тулд лавлагаа шатлалын эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг 100 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлнэ. Ингэснээр 40 орчим тэрбум төгрөг хэмнэх юм. 

Эмийн чанарын тухайд хамгийн чанартай эм зардаг эмийн хатуу зохицуулалттай  АНУ, Герман зэрэг улс орноос эм нийлүүлэх бол татвараас эхлээд бүх төрлийн хөнгөлөлт үзүүлнэ. Харин эмийн зохицуулалтгүй, хямдхан, чанаргүй эм зардаг газраас эм нийлүүлэх бол ямар ч хөнгөлөлт огт үзүүлэхгүй. Манайд 669 эмийг хөнгөлдөг. Үүнд ДЭМБ-д бүртгэлгүй эмүүд байгаа тул тэдгээр эмүүдийг хасна" хэмээн ярилаа.