З.Батбаяр: Био комбинат орчимд усны чанарын индекс "маш их бохирдолтой" үнэлгээтэй гарсан нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай шууд холбоотой

З.Батбаяр: Био комбинат орчимд усны чанарын индекс "маш их бохирдолтой" үнэлгээтэй гарсан нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай шууд холбоотой

Усны газраас Туул голын усны чанарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Усны газрын дарга З.Батбаяр "Усны газраас усны чанарын шинжилгээг улирал тутамд авдаг байсан бол цаашид сар бүр тогтмол авч байхаар төлөвлөж байна. Энэ удаагийн шинжилгээг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд хийсэн. Тухайн үе нь мөс дөнгөж ханзарч эхэлсэн, одоогийнх шиг асуудлууд үүсээгүй байсан. Баянзүрх гүүр орчимд шинжилгээ хийхэд усны чанарын индекс 44.97 буюу “бага зэрэг бохирдолтой” ангилалд хамаарч байна. Харин гурван жилийн өмнө энэ бүсийн ус “цэвэр” ангилалд багтаж байсан. Үүний дараа Маршалын гүүр орчимд шинжилгээ хийхэд бохирдлын индекс 138.64 болж, “маш бохирдолтой” ангилалд орсон. Өмнө нь гүүрний доороос бус, Их Тэнгэрийн амнаас ирэх булгийн уснаас дээж авч байсан тул маш цэвэр гэсэн дүн гарч байсан бол энэ удаад гүүрний яг доороос авсан дээж маш бохирдолтой гарсан. Түүнчлэн эндээс гэдэсний бүлгийн савханцар нян илэрсэн. Энэ нь хүн, малын гаралтай нян буюу ерөөсөө л нүхэн жорлонгын асуудал гэсэн үг. Түүнчлэн Сонсголонгийн гүүр орчимд усны чанарын индекс 136, Био комбинат орчимд 459.64 хүрч, хамгийн өндөр буюу “маш их бохирдолтой” түвшинд хүрсэн үзүүлэлттэй гарсан. Стандартын дагуу 10 мянгаас доош байх ёстой нянгийн тоо 300 мянгад хүрч, гэдэсний савханцар нян стандарт хэмжээнээс 10 дахин их илэрсэн байна. Мөн гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн. Эдгээр үзүүлэлт нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна. Бид Төв цэвэрлэх байгууламжаараа дамжуулаад Туул голын бохирдлын үндсэн шалтгаан болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Туул гол бүрэн бохирдсон байна гэдгийг харуулж байна" гэлээ.



Өнөөдөр гахай өдөр

8 цагийн өмнө