Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж чанар хүртээмжийг сайжруулна

Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж чанар хүртээмжийг сайжруулна

НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон  коронавирусийн тархалтын эсрэг арга хэмжээний талаар санал солоилцлоо. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь салбар нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн салбарт  коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

  • контент боловсруулан нийгмийн сүлжээгээр түгээх,
  • эрүүл мэндийн ажилтнуудад шаардлагатай тоног төхөөрөмж болон хамгаалах хэрэгсэл олгох,
  • боловсролын салбарт теле хичээлийг зохион байгуулахад техникийн дэмжлэг үзүүлэх ажлууд,
  • сургуулийн үдийн цай гол хоол тэжээл нь болж байсан эмзэг бүлгийн хүүхдүүд, 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдийн хэрэгцээ, нөхцөл байдлыг үнэлж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

Мөн тус байгууллага нь 2019 онд Агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн өвчлөлийн цогц менежментийг хөгжүүлэх, бэлэн байдлын төлөвлөлтийг нэмэгдүүлэх, дотор орчны агаарын чанарыг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулснаа танилцуулсан юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах ажлыг зөвхөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс гадна бүх дүүрэгт хэрэгжүүлэх, нийслэлийн боловсролын салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр 2-3 нөхцөл байдалд үндэслэн төлөвлөгөө гаргахын тулд судалгаа хийх, теле хичээлд үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулах, Баянхонгор аймагт утааг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн утаагүй гэрийн сайн туршлагыг нийслэлд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь нэн чухал байна” гэж хэллээ.

Эдгээр саналуудыг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд “Нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болно” гэв.

Цаашид талууд дээрх асуудлаар долоо хоног тутам мэдээллийг бичгээр солилцож, яаралтай үед хариуцсан ажилтнууд шууд холбогдож байхаар шийдвэрлэлээ.