Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Хууль зүйн яамнаас олон нийтэд ил болгосон цахим шуудангуудын дунд Монгол Улсын эдийн засгийн бодлоготой холбоотой харилцаа, зөвлөлдөх шинжтэй агуулга багтсан нь анхаарал татаж байна. Үүнээс зарим агуулгуудыг түүвэрлэн хүргэе.
Нээлттэй болгосон 3 сая гаруй хуудас бүхий мэйлүүд дотор “Mongolia” гэсэн хайлт хийвэл давхардсан тоогоор 866 илэрц гарч ирэх бөгөөд эдгээр мэйлүүд нь Монголын эдийн засаг, уул уурхай, улс төртэй холбоотой мэйлүүд байна.
Тухайлбал, тухайн үеийн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-ын Сангийн сайд асан, нөлөө бүхий эдийн засагч Лорэнс Саммерсыг Монгол Улсад урьж, эдийн засгийн бодлогын асуудлаар санал солилцох хүсэлт тавьсан тухай харилцаа эдгээр мэйлүүдэд дурдагджээ. Энэхүү уулзалтыг зохион байгуулах асуудлаар Дэлхийн банкны Хятад, Солонгос, Монголыг хариуцсан захирал асан Берт Хофман оролцож, Саммерсыг Монголд ирүүлэх боломжийг судалж байсан аж. Харин Лорэнс Саммерс уг урилгын талаар Жеффри Эпштейнтэй санал солилцох үед Эпштейн “Би лав уулзахгүй байсан. Дэлхийн банк яагаад оролцож байгааг ойлгохгүй байна. Ирээдүйн яриа хэлэлцээнд саад болно” хэмээн хариулсан байна.


“Ирээдүйн яриа хэлэлцээнд саад болно” гэх байр сууринаас үзэхэд Жеффри Эпштейн нь Монгол Улстай холбоотой эдийн засаг, бодлогын асуудлыг зөвхөн ажиглагчийн түвшинд бус, нөлөө бүхий эдийн засагчид, бодлого тодорхойлогчдын хүрээнд хэлэлцэх сэдэв болгон авч үзэж байсныг харуулж байна.
Мөн Оюу толгой болон Монголын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллүүдийг тогтмол авдаг байсан талаарх мэдээлэл ч бий. Тухайлбал, 2015 оны аравдугаар сард, “Доор бидний байгаа байдлын товч тоймыг дурдъя. Монгол Улс бидний хувьд муугүй байгаа бөгөөд Афганистанд цэргийн хувь нэмэр оруулсан. Монголыг хоёр дахь компакт гэрээнд сонгосон бөгөөд USTR нь хоёр талын ил тод байдлын гэрээний дагуу ажиллаж байна. Бид тэдэнтэй макро эдийн засгийн асуудлаар тогтмол хамтран ажиллаж байна.

Монголын эдийн засгийн дунд хугацааны хэтийн төлөв нь байгалийн баялаг ихтэй тул таатай байгаа ч түүхий эдийн үнийн хэлбэлзэл, ялангуяа зэсийн хувьд маш эмзэг бөгөөд тэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байгаа. Монгол Улс богино хугацааны зээл авах боломжтой ч одоогийн байдлаар Сангийн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байна. Эрх баригчид Оюу Толгойн зэсийн уурхайн далд боомтын талаар Рио Тинтотой тохиролцоонд хүрсэн. Гэхдээ Монгол Улс макро эдийн засгаа чангатгаж, санхүүгийн салбарын хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа” гэсэн и-мэйл хүлээн авсан байна. Үүнээс гадна монголын уул уурхай, эдийн засагтай холбоотой мэдээллийг тогтмол авдаг байсан бөгөөд Ж.Эпштейн Монголын уул уурхайг их сонирхож, эдийн засагтай холбоотой мэдээлүүдийг тогтмол авдаг байжээ.
М.Дэлэг