АНУ Кубын ерөнхийлөгч асан Рауль Кастрог 1996 онд хоёр онгоцыг сөнөөсөн хэрэгт буруутгажээ

АНУ Кубын ерөнхийлөгч асан Рауль Кастрог 1996 онд хоёр онгоцыг сөнөөсөн хэрэгт буруутгажээ

АНУ Кубын ерөнхийлөгч асан Рауль Кастрогийн эсрэг хүн амины хэрэг үүсгэснээ өчигдөр /2026.05.20/ зарласан баййна. Энэ нь Вашингтон Кубын коммунист засгийн газрын эсрэг дарамтаа эрс нэмэгдүүлж буй хамгийн сүүлийн алхам гэж ажиглагчид үзэж байна.

Энэхүү яллах дүгнэлт нь АНУ, Кубын харилцааг хүйтэн дайнаас хойших хамгийн доод түвшинд хүргэж болзошгүй гэж үзэж байна. Ерөнхийлөгч Д.Трамп Кубад “дэглэмийн өөрчлөлт” хэрэгтэй гэж удаа дараа мэдэгдсэн бөгөөд Вашингтон Гаванагийн эсрэг хатуу бодлого баримталсаар байгаа юм.

Өдгөө 94 настай Рауль Кастрог АНУ-ын иргэдийг хөнөөхөөр хуйвалдсан нэг хэрэг, дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг, мөн онгоц сүйтгэсэн хоёр хэрэгт буруутгажээ.

Хэргийг 1996 онд Кубын цэргийн сөнөөгч онгоцууд Кубын цөллөгт гарсан хүмүүсийн ашиглаж байсан онгоцыг буудаж унагасан үйл явдалтай холбон шалгаж байгаа аж. АНУ гадаад улсын өндөр албан тушаалтны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэдэг тохиолдол ховор бөгөөд энэ алхам нь Д.Трампын засаг захиргаа Латин Америк дахь нөлөөгөө эрчимтэй тэлэхийг зорьж буйн нэг илрэл гэж ажиглагчид дүгнэж байна.

Д.Трамп, “Гаванагаас Панамын суваг хүртэл хууль бус байдал, гэмт хэрэг, гаднын нөлөөг шахан гаргана” хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш Майамид болсон нэгэн дурсгалын арга хэмжээний үеэр Рауль Кастрог баривчлах эсэх талаар тодорхой тайлбар өгөөгүй ч “түүнийг сайн дураараа эсвэл өөр замаар АНУ-д ирнэ гэж найдаж байна” гэж хэлжээ.

Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел АНУ-ын тус шийдвэрийг “хууль зүйн үндэслэлгүй улс төрийн маневр” хэмээн буруушаажээ. Тэрээр X платформ дээр “Куба тухайн үед өөрийн нутаг дэвсгэрийг хамгаалах хүрээнд хууль ёсны арга хэмжээ авсан” гэж мэдэгдээд, энэхүү яллах дүгнэлт нь Кубын эсрэг цэргийн ажиллагааг зөвтгөх оролдлого байж болзошгүйг анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө