Британийн Парламентад Бүх намын Монголын бүлэг шинээр байгуулагдсан байна. Улмаар өнгөрсөн даваа гараг буюу 2026.02.02-нд болсон нээлтийн хуралдаанд Элчин сайд Б.Энхсүх оролцжээ.
Энэхүү бүлгийг парламентын гишүүн Жэймс Вайлд санаачлан байгуулж даргалж буй бөгөөд дэд даргаар парламентын гишүүн Кэтрин Уэст, албан тушаалтнаар парламентын гишүүн Дэйв Дуган, Баронесс Нортховер нар томилогдож, парламентын 20 гаруй гишүүн нэгдэн орсон байна. Нээлтийн хуралдаанд парламентын гишүүн Жэймс Вайлд, Кэтрин Уэст, Дэйв Дуган, Фабиан Хамилтон, Баронесс Нортховер, Баронес Эванс, Лорд Кромвелл, Баронесс Уддин, Баронесс Хүүпер, Лорд Кортаун нар оролцсон байна. Мөн Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Карен Маддокс, Улаанбаатар дахь Британийн Элчин сайдын яамны Элчин зөвлөх Софи Уоррел зэрэг албаны хүмүүс оролцжээ.
Бүх намын Монголын бүлэг анх 1995 онд байгуулагдаж байсан бөгөөд Монгол–Британийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, Британийн Засгийн газарт асуулга тавьж, мэдээлэл авах, улмаар парламентын хүрээнд шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн түүхтэй.
Дахин байгуулагдсан Бүх намын Монголын бүлгийн гишүүд чухал түүхий эд, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, аюулгүй байдал зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, эдгээр салбарт Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллах сонирхлоо илэрхийллээ. Бүх намын бүлгийг парламентын гишүүд сонирхсон улс, асуудлын хүрээнд сайн дурын үндсэн дээр байгуулдаг бөгөөд парламентад суудалтай гол улс төрийн намуудын 20-оос доошгүй төлөөлөл багтсан байх ёстой юм.