Хотын дарга дэргэдээ өсвөрийн шатарчдын шигшээ баг байгуулах шийдвэр гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ

Хотын дарга дэргэдээ өсвөрийн шатарчдын шигшээ баг байгуулах шийдвэр гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн” үргэлжилж байна. Тус тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 14 насны ангилалд 957 сурагч өрсөлдөж буй.

Тэгвэл энэ үеэр нийслэлийн Засаг даргын дэргэд өсвөрийн шатарчдын шигшээ баг байгуулахаар болсныг Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Мөн энэ жилээс өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгийг Хотын дарга тодотгосон юм. Энэ шийдвэр олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ. Учир нь манай улс шатрын спортыг зохион байгуулдаг Монголын Шатрын Холбоотой бөгөөд тус байгууллага нь олон улсын шатрын холбооны гишүүн юм. Мэргэжлийн тусдаа байгууллага байхад нийслэл дэргэдээ шигшээ багтай болох шаардлага байхгүй хэмээн олон нийт шүүмжилж буй юм. Нийслэл дэргэдээ шигшээ багтай болсноор тамирчдын хувцас хэрэглэл, цалин, тэмцээн уралдаанд явуулах зэрэг зардлууд гарч эхэлнэ. Энэ бүгдийг татвар төлөгчдийн зардлаар санхүүжүүлнэ гэсэн үг юм. Цаашлаад шатрын спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж “Esport”-ын төрөлд хүртэл багтсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын дэргэд шигшээ баг байгуулж, төсөв зарцуулах шаардлагагүй хөгжиж буй спорт билээ.