"Энэ сар дуусахад хэлэлцээрийн дагуу цалингаа нэмэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ"

"Энэ сар дуусахад хэлэлцээрийн дагуу цалингаа нэмэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ"

Боловсрол, Эрүүл мэндийн цалингийн нэмэгдэл хэлэлцээрийн дагуу бүрэн хэрэгжихгүй байгаа талаар МҮЭ-ийн холбоо болон түүний гишүүн байгууллагууд болох МБШУҮЭХ, МЭМАҮЭХ-ноос өнөөдөр /2026.01.28/ мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Боловсрол, Эрүүл мэндийн салбарынхан цалин, хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьж өнгөрсөн намар улс орон даяар тэмцэл өрнүүлж, ажил хаялт хүртэл зарласан байдаг. Улмаар уг олон хоногийн ажил хаялттай холбоотойгоор Засгийн газраас багш нар болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг цалин нэмэгдүүлэх шийдвэр 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн албан ёсоор хэрэгжиж, шат дараатайгаар нэмэгдэх ёстой байсан. Гэвч өдгөө тус шийдвэр бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байгааг тус салбарынхан хэлж байна.

"БАГШ НАРЫН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМНЭ ГЭСЭН Ч НЭМЭГДЭХ НЬ БАЙТУГАЙ ЦАЛИН НЬ БАГАССАН ТОХИОЛДОЛ БАЙНА"

МБШУҮЭХ-ны дарга З.ЦогтгэрэлМанай холбоо өнгөрсөн онд асуудлаа олон нийтэд сайн танилцуулж, тэмцлээ тууштай хийсний үр дүнд энэ онд цалин хөлсөө нэмэгдүүлэх болсон. Монгол орны өнцөг булан бүрээс багш нар цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой олон төрлийн гомдол ирүүлж байна. Засгийн газраас багш нарын цалинг 50 хувиар нэмнэ гэсэн шийдвэр гаргаснаас хойш бодитоор нэмэгдэх нь байтугай, зарим тохиолдолд цалин нь багассан гэх мэдээлэл ч ирж байна.

Манай холбооны зүгээс анх үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан. Үүний хүрээнд хоёр талын хэлэлцээрээр 2027 онд уг хэмжээнд хүргэнэ гэсэн амлалт авсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ зорилгод хүрэх бодит үндэс, эхлэл ч тавигдаагүй байгаа нь гомдол төрүүлж байна.

Боловсролын салбарынхан 13 хоногийн турш 40 мянга гаруй багш ажилчид ажил хаялт зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байсан ч өнөөдөр тэрхүү үр дүн үгүйсгэгдэж байгаад харамсаж байна. Цалин хөлсний нэмэгдлийг нэгдүгээр сараас эхлэн бүрэн авч чадаагүй хэвээр байна” гэв.

"2025 ОНЫ ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛЛАА АВААГҮЙ БАЙНА"

МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа “Өнгөрсөн онд манай салбар түүхэн шийдвэр гаргаж, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргуулж чадсан. 2026 оны 01 сарын 01-нээс энэ салбарын ажилтнуудын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Цалингийн нэмэгдэлтэй холбоотой маш олон асуудал гарч ирлээ. Үндсэн цалинг нэмэгдүүлэх тухай асуудал тохирсон ч нэмэгдлийн асуудал л өнөөдөр яригдаж байна. Гэтэл өдгөө бүх нэмэгдлийг үндсэн цалингаас тооцно гэдэг цалингийн зөрүү үүсгэж байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс иргэдийн эрүүл мэнд, амь насны төлөө цаг хугацаагүй ажилладаг. Өдгөө гүйцэтгэлийн санхүүжилтээр ажилладаг бидний 2025 оны үр дүнгийн урамшууллаа ч аваагүй байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол ажил хаялтаа хийнэ” гэлээ.

"ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЖ БАЙГАА МЭТ БОЛОВЧ ХООЛ, УНАА, БУСАД НЭМЭГДЭЛИЙГ ХАСЧИХСАН"

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир “Бидний хэлэлцээр бодитой хэрэгжихгүй байна. Үндсэн цалинг нэмж байгаа мэт боловч хоол, унаа, бусад нэмэгдэл зэргийг хасчихсан. Ийм ойлголт байж болохгүй. Энэ сар дуусахад хэлэлцээрийн хэмжээнд цалин олгогдохгүй бол дараагийн тэмцэл хөдөлгөөнийг хийнэ. Бид өнөөдөр УИХ, ЗГ, Байнгын хороодод албан шаардлагаа хүргүүлнэ” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: