Б.Лхагвадэмбэрэл: Цахилгааны үүсгэврийг нэмэхийн хэрээр дамжуулах станц барихгүй бол тасалдал үүссэн хэвээр байна

Б.Лхагвадэмбэрэл: Цахилгааны үүсгэврийг нэмэхийн хэрээр дамжуулах станц барихгүй бол тасалдал үүссэн хэвээр байна

Эрчим хүчний салбар бол манай улсын нэлээдгүй эмзэг салбаруудын нэг. Тэгвэл Монголын цахилгаан, эрчим хүчний салбарын өнгөрсөн, өнөө, ирээдүйн талаар болон тоног төхөөрөмж, хүчин чадлын талаар бид "Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ "ТӨХК-ийн судалгаа хөгжил, төлөвлөлтийн хэлтсийн инженер Б.Лхагвадэмбэрэлтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Та юун түрнүүд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Лхагвадэмбэрэл гэдэг. Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 2002 онд ШУТИС-ийн цахилгаан системийн ангид элсэж, 2006 онд төгсөөд энэ салбарт ажиллаж байна.

-Тухайн үед манай улсын цахилгаан, эрчим хүчний салбарын нөхцөл байдал ямар байсан бол?

-Намайг анх ажилд ороход манай ах нараас ажлын цаг тараад гэртээ харьдаг, амардаг нэг ч хүн байхгүй байсан. Шөнө болгон л дуудагддаг. Эрчим хүчний систем маань анхдагч тоноглол, хоёрдогч төхөөрөмжүүдийн хувьд нэлээд асуудалтай байсан. Шөнө, оройгүй л гэмтлийг нь засдаг байлаа. Тэгж байж байгаад өвлийн оргил ачааллын үед аймаг, хот, дүүргээрээ тоггүй суудаг, цахилгааны салбарынхан хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай, гэмтлээ хэзээ засаж, хэвийн болгоно тэр үедээ л ажил дээрээ ирэх, гэр орон луугаа буцдаг байсан үе. Одоо бол техник технологийн дэвшилтэт үе ирсэн байна. Томоохон шугам, дэд станцууд дээр шугам засварыг чанартай гүйцэтгэх бололцоотой болсон байна. Бодлого, төлөвлөтийн хувьд ч боломжийн явж байгаа учраас ер нь өнгөрсөн үеэ бодвол нэлээд хөгжсөн гэж боддог.

-Манай улсад хэчнээн дэд станцууд байна вэ. Мөн дэд станцуудын гол үүрэг нь юу вэ гэдгийг та тайлбарлаж ярьж өгөөч?

-Монгол Улсын хэмжээнд 220 квт-ын 11 станц, 110 квт-ын 75 цахилгаан дэд станц байгаа. Мөн Оюу толгойн дэд станц бий. Манай улсад 1967 оноос хойш эрчим хүчний салбарын дамжуулах түгээх станц үүсэж хөгжиж эхэлсэн гэж үздэг. Одоо бол нэмэлтээр Алтай, Улиастайн баруун бүсийн цахилгаан станцын систем энэ жилийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-д нэгдэх шийдвэр гарсан. Дэд станцын үүрэг бол тухайн байршил дээр үйлдвэрлэл хийсэн эрчим хүчийг яг тэр хүчин чадлаар нь алсад байгаа хэрэглэгчдэд дамжуулж өгөхийн тулд хүчдэлийг өндөрсгөж дамжуулж өгдөг стандарт.

-Нэг үеэ бодвол манай улсад эрчим хүчний үйлдвэрлэл нэлээдгүй нэмэгдэж байх шиг байна. Нөгөө талд хэрэглэгчид ч өсөн нэмэгдэж байна. Тэгвэл энэ цахилгаан дамжуулах сүлжээг цаашид заавал өргөтгөх шаардлагатай байгаа юу?

-Төр, хувийн хэвшлээр хөрөнгийг нь босгоод томоохон дэд станцууд бариад эхэлсэн байна. Жишээлбэл Бөөрөлжүүт, Баянгийн, Шивээ овоо зэрэг. Эдгээр нь амжилттай хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний үүсгүүрүүдийг шийдэж орж ирж байгаа.

Мөн бид Улаанбаатар хотын хэрэглээний талаар судалж, сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчинд холбогдох хүсэлт дээр тулгуурлахад 3000 мвт-ийн хэрэглээ хүлээж аваад, хүчин чадалдаа тохируулаад буцаасан.

Хэрэглээ маань эдийн засаг өсөхийн хэрээр нэмэгдэж, үүсгүүрүүд маань төр, хувийн хэвшлээр шийдэгдээд дунд нь дэд станцын асуудал үлдчихээд байгаа юм. Үүсгүүрийг хэчнээн ашиглалтад оруулаад, хэрэглээг хангахын тулд дунд нь байгаа дэд бүтцээ өргөтгөхгүй бол буцаад хэрэглээ, үүсгүүр хоёрын хязгаарлагч хүчин зүйл болоод байгаа юм. Ер нь эрчим хүчний төсвийг хангалттай тавьж өгөхийн хэрээр эдийн засгийг түлхэж өгөх түлхэц болдог.

-Дэд станцууд хэдээр нэмэгдсэн тохиолдолд хэрэглэгчдийг найдвартай эх үүсвэрээр хангаж чадах вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд 220 вольтын таван дэд цахилгаан станц хэрэгтэй байна. 110 квт-ын 22 дэд станц, 12 дэд станцын хүчдэлийг өсгөхөөр төлөвлөж байна. Ингээд нийт 57 багц ажил төлөвлөсөн байж байгаа.

-Манай улсын дэд станцуудын төхөөрөмжийн насжилт хэр байдаг юм бэ?

-Дэд станцуудын хувьд манай улсад 67 хувь нь 40-өөс дээш жилийн насжилттай болсон.

Учир нь 1967 оноос эхлэн эрчим хүчний систем дээр томоохон бүтээн байгуулалт хийгдсэн. Тэр үед ашиглалтад орсон ТЭЦ-3, ТЭЦ 4, ТЭЦ 2 болон түүнийг дагасан Улаанбаатар хотын баруун зүүн захын хоёр томоохон дэд станцууд, хооронд нь холбосон 110 вольтын дэд станцууд орж ирсэн. Иймд ихэнх тоноглолуудын насжилт нь 40-өөс дээш жил болж, 67-70 хувь нь насжилт нь дууссан тоноглолууд ашиглагдаж байгаа гэсэн үг.

-Магадгүй тоног төхөөрөмжийн насжилттай холбоотойгоор юм уу хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах тохиолдлууд нэлээдгүй гардаг уу. Яагаад ер нь хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлаад байдаг юм бэ?

-Холбоотой байлгүй яах вэ. Сүүлийн хэдэн жил цахилгаан эрчим хүчний хэмжээ үйлдвэрлэлийн хэрэглээнээс бараг давах хэмжээнд болчихлоо шүү дээ. Тэгэхээр үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг таслахгүйгээр хэрэглэгчдэд хүргэх л үүрэгтэй. Энэ үүргээ хүлээхийн тулд одоо тоноглолуудаа тасалж ч чадахаа байсан. Нөөц тоноглолтой явах ёстой. Сүүлийн жилүүдэд энэ горимдоо орж чадахаа больсон.

Одоогийн ачаалал хэд дахин их болж байна. Үүнийг дагаад насжилттай тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг 100 хувь хангалттай гүйцэтгэх боломжгүй болсон.

Эрчим хүчний тоног төхөөрөмжид байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэж олон янзын гэмтэл гардаг. Ийм төрлийн тасралт төвийн эрчим хүч дээр 1400-1500 удаа гарч байгаа. Томоохон хэмжээний тасралтууд 400-500 удаа гарна. Эрчим хүчний найдвартай, тогтвортой байдлыг хангаж ажиллахыг мэдээж хүсдэг. Энэ олон системийн интеграци зөв байж тогтвортой, найдвартай авч явах нөхцөл бүрдэнэ. Санхүүжилтийн асуудал дээр төр бүрэн анхаарахгүй бол дамжуулах, түгээх сүлжээний дэд бүтцэд хөрөнгө оруулдаг хувийн хэвшил байхгүй. Учир нь энэ маань ашиг олдог сүлжээ биш. Төр өөрөө иргэдээ цахилгаан, эрчим хүчээр найдвартай хангахын тулд, эдийн засгаа маш томоор дэмжихийн тулд яаралтай дэд бүтцээ өргөтгөх, шинэчлэх хэрэгтэй. Тэр хэмжээгээр төр хувийн хэвшил, эдийн засгийн хөгжлийг дэмжиж чадна.