Time сэтгүүл 2025 оны “Оны шилдэг хүн”-ээр хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч, технологийн салбарын тэргүүлэгчдийг нэрлэн зарласан байна. Жагсаалтад Meta компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг, X компанийн эзэн Элон Маск, Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг зэрэг дэлхийн технологийн өнгө чигийг тодорхойлогч эрхмүүд багтсан бөгөөд тэднийг “одоо цагийг өөрчилж, боломжтой зүйлийн хил хязгаарыг даван туулсан” гэж сэтгүүл онцлон тэмдэглэсэн байна.
Time энэ удаагийн дугаарт хоёр нүүр гаргасан бөгөөд нэг нүүрэндээ 1930-аад оны Нью-Йоркт тэнгэр баганадсан барилга барьж буй ажилчдын түүхэн зургуудыг байршуулжээ. Энэ нь тухайн үеийн бүтээн байгуулалтын эрин ба өнөөгийн хиймэл оюун ухааны хөгжлийг зүйрлэн харуулахыг зорьсон сонголт хэмээн тайлбарлагдаж байна.
90 жилийн өмнө инженерчлэлийн дэвшил хотын төрхийг өөрчилсөн бол өнөөдөр хиймэл оюун ухаан дэлхийн эдийн засаг, технологи, нийгмийн тогтолцоонд шинэ эрин нээж буйг сэтгүүл онцолсон юм.
Женсен Хуанг хиймэл оюун ухааны тооцооллын үндэс болсон GPU технологийг хөгжүүлснээр салбарын хурдацтай дэвшлийн төвд зогсож байгаа бол Элон Маск xAI зэрэг төслөөр хиймэл оюун ухааны аюулгүй байдал, хөгжлийн чиглэлд нөлөө үзүүлсээр байна. Харин Марк Зукерберг Meta компанийн нээлттэй загваруудыг хөгжүүлснээр AI технологийг олон нийтэд илүү хүртээмжтэй болгоход түлхэц өгч буйг Time үнэлжээ.