Ш.Зоригоо: Архаг суурь өвчингүй залуусын зүрх гэнэт хаагдахгүй. Зовуурь өгөөгүй ч өвчлөлтэй байсан гэсэн үг /ВИДЕО/

Ш.Зоригоо: Архаг суурь өвчингүй залуусын зүрх гэнэт хаагдахгүй. Зовуурь өгөөгүй ч өвчлөлтэй байсан гэсэн үг /ВИДЕО/

Зүрх судасны өвчлөл сүүлийн 20 жил монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан байсан билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ өвчлөл залуужиж, элдэв хууч өвчингүй залуус зүрх нь гэнэт хаагдах боллоо гэх явган яриа байдаг. Тэгвэл тус мэдээлэл бодитой эсэх, шалтгаан нөхцөлийн талаар “УБ Сонгдо” эмнэлгийн зүрх судасны эмч Ш.Зоригоотой ярилцлаа.

ВИДЕО:

-Элдэв хууч өвчингүй сайхан залуус гэнэт зүрх нь хаагдчихлаа хэмээх яриа их сонсогдох боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Зүрх судасны өвчин болоод түүнээс шалтгаалсан нас баралт зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтийн асуудал. Дэлхийд ч өвчлөл болон нас баралтаараа тэргүүлж байна. Гэнэт зүрх нь хаагдчихсан буюу гэнэтийн нас баралтын тухайд би өөр бодолтой байдаг. Сүүлийн жилүүдэд цахим сүлжээ хөгжихийн хирээр нэг мэдээлэл, тохиолдол гарахад нийтээр гараад байгаа юм шиг хүлээж аваад байна. Бас нөгөө талд энэ төрлийн гэнэтийн нас баралт хүний анхаарал татдагтай холбоотой. Тэрнээс биш энэ өвчлөл угаасаа нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар ирсэн. Гэнэтийн нас баралтын тохиолдлын хувьд зүрх судасны өвчин, тархинд цус харвах, харшил, хордлого зэрэг шалтгаантай байж болно. Ер нь зүрх судасны өвчин гэдэг бол хүний биед байдаг артерийн судаснууд товруу сууж хатуурах үзэгдэл.

Улмаар бөглөрөх юм уу хагарах тохиолдол нь нас баралтын шалтгаан болоод байна гэсэн үг. Хэрэв хагарвал тархинд цус харвана. Эсрэгээрээ тэжээж байгаа судаснууд бөглөрч, зүрх тэжээгдэх цусгүй болсноор зүрхний шигдээс болдог.

-Таны хувьд залуус зүрх судасны өвчнөөр гэнэт нас барах нь их боллоо гэдэг мэдээллийн эсрэг байр суурьтай байдаг байх нь.

-Ер нь аль ч өвчлөл залуужиж байгаа ажиглагдаж байна. Харин нөгөө талд оношилгоо сайжирсан. Албан байгууллагаараа, гэр бүлээрээ гээд урьдчилан сэргийлэх оношилгоо их хийлгэх болсон. Ингэснээр өвчлөлийг их илрүүлдэг болсон. Гэнэтийн нас баралтын тухайд нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй байх. Гэхдээ зүрх судасны өөрчлөлттэй л байсан хүн л амь насаа алдана шүү дээ. Түүнийг ямар нэг зүйлээр өдөөсөн байж таарна. Зүрхэнд хэт ачаалал өгч дасгал хөдөлгөөн хэтрүүлсэн байж болно. Мөн олон хоног архи согтууруулах ундаа хэрэглэсэн ч байж болно.

"КОВИДЫН ДАРАА БИЕД ӨӨРЧЛӨЛТ ГАРСАН ТУХАЙ ЯРЬДАГ ИРГЭДИЙН ҮГИЙГ БИ ЛАВ ҮГҮЙСГЭХГҮЙ"

-Энд байдаг нэг хардлага нь цар тахлын дараах өөрчлөлт. Ковидын дараа цус өтгөрч, уушги хүртэл өвчилсөн гэж иргэд ярьдаг.

-Ковидын өвчлөл болон ковидын вакцинаас болж цус өтгөрсөн гэх явган яриа их бий. Гэхдээ дэлхий нийт ч энэ асуудалд гаргаад ирэх судалгаа ховор байна. Олон улсын хуралд явахад хүртэл ийм асуудал яригдахгүй байна. Ковидын өвчлөлийн дараа тодорхой хэмжээний өөрчлөлт гараад байгаа тухай иргэд ярьдаг. Би бол үүнийг үгүйсгэхгүй.

"СОШИАЛД НЭГ НЭГЭНДЭЭ ЭМЧИЛГЭЭ ЗААДАГ ҮЙЛДЛИЙГ УЛС БОДЛОГООР ХЯЗГААРЛАХ ЁСТОЙ"

-Цус шингэлэх энгийн арга байдаг юм уу. Энгийн эм уугаад цусаа шингэлж байгаа гэх яриа их гарах болсон байна. 

-Цус шингэлэх энгийн арга гэх зүйл байхгүй. Тухайн хүнийг шинжилгээгээр цус өтгөн байна гэсэн бол заавал тохирсон эмчилгээ хийлгэх ёстой. Ард иргэд нотолгоонд суурилсан анагаах ухаанд л итгэх хэрэгтэй байна. Сураг, төдий ам ярианаас сонсоод цус шингэлдэг гээд ургамал, эм авч уугаад байна. Хүмүүс нэг нэгэндээ эмчилгээ зааж өгөөд байгаа бол маш аюултай зүйл. Хүний усруу озон шахаж байгаа аюултай үзэгдэл гарч байна. Сошиалаас сонссон мэдээллээ шууд хэрэгжүүлээд нэг өдөрт 10 ширхэг "Кунданг” гэх тариаг хийлгэсэн хүн ч ирж байгаа юм. Анагаах ухааныг бид ч төгс, судалж дуусаагүй байна. Бидний ч учрыг нь олоогүй өвчин байгаа. Надад гэхэд хэд хэдэн эм өгөөд даралтыг нь буулгаж чадахгүй өвчтөн байдаг. Сошиалд нэг нэгэндээ эмчилгээ заадаг үйлдлийг эрс хязгаарлах ёстой. Бараг улсаас ч хязгаарлах ёстой гэж боддог.

Энэ дээр амьтны мах, эрхтэн залгидаг зүйл байдаг. Энэ байдал өөрчлөгдсөн үү?

-Туулайн зүрх залгиж, гөрөөсний цус уудаг хүмүүс одоо ч байсаар байна. Анагаах ухаан хөгжөөгүй байх үед уламжлалт анагаах ухаан маш мундаг хөгжсөн байдаг. Судсаар нь тухайн хүнийг оношилж, тохирсон бүтээгдэхүүнийг өгдөг байсан. Гэхдээ аливаа байгалийн бүтээгдэхүүний хорыг нь арилгаж байж өгдөг байсан. Шууд гөрөөсний цус уулгадаггүй л гэсэн үг. Гэтэл хүмүүс сураг төдий сонссон зүйлээ хэрэгжүүлээд байна. Улмаар тархинд цус харвах, шээс хаагдах зэргээр хүндрээд ирж байна. Энгийнээр бол уламжлалт анагаах ухаанд нохойны махыг сүрьеэ туссан болгонд нийтээр идүүлдэггүй байсан гэсэн үг. Мөн нөгөө талд фитнест явдаг хүмүүс уураг, судас тэлэгч зэргийг их хэрэглэдэг боллоо. Би энэ асуудлыг шүүмжилдэг. Фитнесийн багш судас тэлэгч, уураг уух тухай заах эрх байхгүй. Хүн уураг үйлдвэрлэхээ болиогүй цагт хэвийн хэмжээндээ л байгаа. Гаднаас уураг уугаад булчин томорно гэдэг утгагүй зүйл. Харин ч эсрэгээрээ эрүүл мэндээрээ хохироод байна. Бас спиннинг, фитнес зэрэг хүний зүрх биед тохирсон хэмжээгээр ачаалал өгөх хэрэгтэй байна.

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨР ОГТ ӨВДӨХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ

-Зүрх судасны өвчин үүсгэдэг суурь шалтгаануудын хувьд.

-Амьдралын хэв маяг, буруу хооллолт, стресс зэрэг олон шалтгаан байна. Өнөөдрийн энэ агаарын бохирдол хүртэл судасны хатуурал үүсгэх шалтгаан болоод байгаа тухай судалгаа бий. Тэгэхээр тухайлсан кейс бүр харилцан адилгүй бөгөөд маш олон шалтгаан байна. Гэхдээ ихэвчлэн сахрын өвчин, өөх тосны солилцооны алдагдлаас болж судас бөглөрөх юм уу, хагарснаар нас баралт үүсэж байна уу гэж хараад байна. Гэхдээ том зургаар нь харвал архи, тамхи, нийгмийн стресс зэрэг аль ч улс давдаг нэг үе. Бид давах ёстой үеэ даваад сайжраад л явж байна. Ард иргэдийн нийтийн эрүүл мэндийн боловсрол их чухал. Бид нийтээрээ эрүүл мэндийн боловсролоо сайжруулахад багагүй цаг хугацаа орох байх. Эцэст нь хэлэхэд өвчлөл гэдэг хувь хүнтэй л холбоотой зүйл шүү дээ.

-Зүрх судасны өвчинд нас хүйс, жендерийн хувьд ялгаа байдаг уу. Эрэгтэй хүмүүс арай их өвдөх хандлага байдаг.

-Зүрх судасны өвчний хувьд нас хүй зэрэг их хол зөрүү байдаггүй.  Гэхдээ эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс арай их байдаг. Монгол эрчүүд маань үнэхээр хайнга байна. Эхнэр, аав ээжээ дагуулж байж хүчээр үзүүлдэг байдал хэвээр байна. Өвдсөн ч бага зэргийн өвдөлтийг тоохгүй яваад байна. Гэтэл зовуурь өгнөө гэдэг чинь тухайн эрхтэн чинь өвдчихсөн байна гэсэн үг шүү дээ. Ямар нэг зовуурь өгсөн бол үзүүлж, тухайлсан эмчилгээ хийлгэх ёстой.

-Тэгвэл урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах вэ?

-Манай залуус их мундаг болсон. Бидний үетэй харьцуулахад өнөөдөр хаа сайгүй тамхи татаж, архи хэтрүүлж уухаа больсон. Тэгэхээр одоо бол амьдралын хэв маягтаа л жаахан анхаарах хэрэгтэй байгаад байна. Өдөрт ядаж нэг цаг алхах, зөв хооллох хэрэгтэй байна. Арван жилийн сургуулиудад өдөрт дасгал хөдөлгөөн хийх тодорхой цаг суулгах хэрэгтэй байна. Зөв хооллолт гэдэг бол их өргөн агуулгатай. Хэтрүүлж идэхгүй буюу өөрт тохируулж идэхээс эхэлнэ шүү дээ. Тэгээд цаашлаад сүү цагаан идээ, хүнсний ногоо, жимс зэргийг тохируулан хэрэглэх зэргийг дурдаж болно. Тэгээд урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаад явбал огт өвдөхгүй байх боломжтой. Гэхдээ миний хувьд их сайхан нүдээр хардаг. Анагаах ухаан үсрэнгүй хөгжиж, хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол сайжирсан шүү дээ. Бүх зүйл болохгүй, бүтэхгүй байгаа мэтээр ярьдаг болсон цаг үе болчхож.

-Хоололтын хувьд тухайлан асуухыг хүсэж байна. Манай улсын хувьд мах, өөх тосны хэрэглээ их гэдэг шүү дээ.

-Монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг, хооллолт их зөв санагддаг. Зун, намрын улиралд сүү цагаан идээгээ зонхилон хэрэглэдэг. Тэгээд идэр хүйтэн өвлөөр улаан мах иддэг. Харин бусад үед өөх тос нь хайлчихсан борц иддэг байсан шүү дээ. Мөн хөдөлгөөн маш сайн хийдэг.  Уламжлалт мал аж ахуйн эрхэлдэг айлууд өдөржин гүү саадаг байх жишээтэй. Тэгэхээр хэрэглэж байгаа хоол хүнс нь задрахгүй, шингэхгүй байх нөхцөл алга.