Д.Очирбат: Хөвсгөлд аймагт тарваган тахлаар гурван хүн өвчилж, нэгдүгээр хавьтлын 96 хүнийг тусгаарлаад байна

Д.Очирбат: Хөвсгөлд аймагт тарваган тахлаар гурван хүн өвчилж, нэгдүгээр хавьтлын 96 хүнийг тусгаарлаад байна

Хөвсгөл аймагт тарваган тахлын улмаас нэг хүн нас барсан. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ, ЗӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат улсын хэмжээнд тарваган тахлын нөхцөл байдал ямар байгаа талаар ерөнхий мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Улсын хэмжээнд 17 аймаг 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувьд буюу 444 мянган м2 талбайд тарваган тахлын голомттой байдаг. 2005-2025 онд тарваган тахлаар өвчилсөн 31 хүн бүртгэгдэж байсан. Жилд дунджаар 1-2 тарваган тахлын шинэ тохиолдол бүртгэгддэг. Нас баралтын хувьд 35 хувьтай байдаг. 2020 онд тарваган тахлын тохиолдол хамгийн их буюу зургаан тохиолдол батлагдаж байсан. Тарваган тахал хавар дөрөвдүгээр сараас идэвхжиж 8 болон 9-р сард оргил үедээ хүрч, 10-р сарын дунд үеэс намжмал байдалд ордог. Нийгмийг хамарсан гоц халдварт өвчин. Өнөөдрийн нөхцөл байдлаар Хөвсгөл аймагт тарваган тахал өвчтэй эхний хүн энэ сарын 3-ны өдөр бүртгэгдсэн. Энэ сарын 8-ны байдлаар гурван хүн халдвар авсан нь эмнэл зүй, шинж тэмдэг, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр эерэг гарч батлагдсан. Үүнээс нэг хүн нас барсан байна. Халдвар авсан нь батлагдсан гурван өвчтөний нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлон, тусгаарлаад байна. Энэ дунд эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан байгаа бол гэр бүл болон бусад ойрын хавьтлын 55 хүн бий. Нэгдүгээр хавьтлуудаас 35 хүнд нь молекул биологийн болон нян судлалын шинжилгээ хийхэд 22 хүний хариу эерэг гарсан. Хоёр хүнээс тарваган тахлын шинж тэмдэг илэрч, 20 хүнийг сэжигтэйгээр бүртгэн хяналтад авч байна. Тарваган тахлын нян маш аюултай хурдан тархдаг. Хоруу чанар ихтэй. Тахлын нян 60 градусын халуунд тэсвэрээ алддаг. Тарваган тахалтай өвчтөнийг ЭМЯ-наас гурван нөхцөл байдлаар баталгаажуулж бүртгэдэг. Тодруулбал, тархвар судлал, эмнэл зүйн шинж тэмдэг, молекул биологийн шинжилгээгээр баталгаажуулж бүртгэдэг. Эдгээр шинжилгээгээр батлагдаагүй бол тарваган тахалтай гэж үзэхгүй” гэв.

ВИДЕО: