Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикистаны Душанбе хотод үргэлжилж байна.
Душанбегийн “Их дуулгад”-д 34 орны 255 жүдоч оролцож байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч өрсөлдөж байгаа. Дэлхийн чансааны оноо олгох олон улсын 4 дэх цуврал тэмцээнд эмэгтэйчүүдийн -63кг /жин/-д МУГТ Б.Ганхайч, Л.Энхрийлэн нар хоорондоо аваргын төлөө барилдахад нэмэлт цагт торгуулиар Б.Ганхайч ялав. Ингэснээр Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ.
Мөн Ж.Анударь -48кг алтан медаль, Т.Ариунзаяа -57кг мөнгөн медаль, М.Нандин-Эрдэнэ -52кг хүрэл медаль хүртсэн амжилтаар манай улс медалийн чанараар 2 дугаар байранд жагсаж байна. Өнөөдөр хүнд 5 жингийн барилдаан үргэлжилнэ.