У.Хүрэлсүх: Хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг хамгаалах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл мөн

У.Хүрэлсүх: Хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг хамгаалах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл мөн

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд болон ар гэрийнхэнд нь өргөн дэвшүүлье. Үнэнийг эрэлхийлж, нийгмийг соён гэгээрүүлж, иргэдийн дуу хоолой болж байдаг Та бүхэн бол төр, ард түмнийг холбосон гүүр билээ. Та бүхний гарт нийгмээ зөв чиглэлд хөтлөх, сайн сайханд уриалан дуудах асар их хүч, нөлөө оршдог гэдэгт би үргэлж итгэдэг.

Төр, засгийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ алдаа дутагдлыг нь ил тод хэлж, засаж залруулахад Та бүхний оруулдаг хувь нэмэр их. Иймээс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл мөн. Цаашид ч төр, ард түмний ойлголцол, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх үйл хэрэгт Та бүхэн үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, эв нэгдэлтэй, иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж байгаа Та бүхний үг үнэн, үзэг хурц, үйлс ариун байх болтугай" гэлээ. 




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө