Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээлээ.
Хайгуулын урьдчилсан үр дүнгээр тус ордыг 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байна. Энэ нь улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг шинэ, том орд нээгдэж, монголчуудад ахуй амьдралаа дээшлүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах шинэ боломж гарч байна гэсэн үг юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах үүрэг, даалгавар өглөө. Энэ тооцооллоор авч үзвэл Оюут ордыг 30-35 жил ашиглах юм. "Эрдэнэт" үйлдвэрийн геологичид хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэжээ. Ордыг ашиглах зураг төсөл болон бүтээн байгуулалтад тус үйлдвэрийн шилдэг инженерүүд ажиллана.
Оюут орд нь Эрдэнэтийн овоо ордоос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс 3 км орчим зайд оршиж байгаа нь дэд бүтцийн хувьд нэн таатай орчин, нөхцөл юм. Оюут зэсийн ордыг нээснээр Үндэсний баялгийн сан арвижиж, үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд том түлхэц болно. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаатай танилцав.