Мөнххайрхан уул нь Монголын Алтайн нуруунд оршдог, 4362 метр өндөр, мөнх цас, мөсөн гол бүхий хоёр дахь өндөр оргил юм.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас санаачлан Монголын уулчдын үндэсний холбоо ТББ, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ-тай хамтран Баян-Өлгий, Ховд аймгийн заагт орших Мөнххайрхан уул, Хар Ан уулын солбицол, өндрийг орчин үеийн, өндөр нарийвчлалын геодези /GNSS/-ийн багаж ашиглан хэмжиж байна.
Мөнххайрхан уул, Хар Ан уулын солбицол, өндрийг Trimble R12, Trimble Catalyst багаж ашиглан уулсын оройн цэгийн солбицол, өндрийг ITRF2014, ITRF2020 солбицлын тогтолцоо, Балтын тэнгисийн өндрийн тогтолцоонд тодорхойлох юм. Монгол Улсын Зөвлөх инженер О.Хосбаяр /Геосурвей ХХК-ийн захирал/, инженер О.Пүрэвдорж /Этүгэн инженеринг ХХК-ийн захирал/, уулчин, хөтөч Э.Уранболор /Геосан ХХК-ийн инженер/ нар геодезийн хэмжилтийг гүйцэтгэж байгаа аж.