СУРВАЛЖИЛГА: Дүүжин тээвэр 6 м/сек хурдтай, 2350 хүн суух хүчин чадалтай бөгөөд ирэх оны 10 дугаар сараас иргэдэд үйлчилж эхэлнэ

СУРВАЛЖИЛГА: Дүүжин тээвэр 6 м/сек хурдтай, 2350 хүн суух хүчин чадалтай бөгөөд ирэх оны 10 дугаар сараас иргэдэд үйлчилж эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаас 2025-2028 онд 24 мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд үүний нэг нь "Дүүжин замын тээвэр" төсөл байхаар тусгасан. Дүүжин замын тээвэр хоёр бүсэд хийгдэх бөгөөд Яармагаас Өнөр хороолол чиглэлд болон Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл хийгдэх юм.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Яармагаас Хархорин чиглэлд буюу 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байхаар төлөвлөсөн 2-р шугамын дүүжин тээврийн эхний тулгуур баганыг босгоод байгаа. Харин иргэд үүнд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгвэл бид энэ удаа эдгээр тулгуур багана ямар зориулалттай талаар болон Монголчууд яг хэзээнээс эхлэн дүүжин тээврээр зорчиж эхлэх талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

Яармагаас Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай, 19 тулгуур баганатай байхаар төлөвлөжээ. Дүүжин тээвэрт нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай бөгөөд цагт 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Мөн аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 6.45-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг буюу секундад 6 метр зай туулах гэнэ.

Мөн үргэлжлүүлэн бид төслийн ахлах инженер Г.Түвшинсайханаас зарим зүйлийг тодруулахад, “22 метрийн өндөртэй тулгуур баганыг бид эхний ээлжинд босгоод байгаа. Газрын өндөржилт болон өндөр хүчдэлийн шугамаас шалтгаалаад шугамууд өндөр, нам байгаа. Төслийн систем, тоног төхөөрөүүмждийг Франц Улсад үйлдвэрлээд нааш ачиж байна. Харахад ганц тулгуур багана л байгаа юм шиг харагдаж байгаа ч доороо гурван тулгуураас бүрдсэн суурьтай. Хамгийн эхэнд шон суурь явж байгаа. Энэ нь 5-20 метр гүнтэй. Түүн дээр нь давхарлаад хавтан суурь, үүн дээр нэмээд тулгуур маань бэхлэгдэж байгаа хавтан суурь орж ирнэ.

Тэгэхээр энэ олон сууриуд дээр бетоны бат бэхээс хамаараад өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас эхлээд барилга угсралтынхаа ажлыг хийж эхэлсэн. Шат дараатайгаар хийсээр байгаад өнгөрсөн долоо хоногоос тулгуур багануудаа босгож эхэлсэн. Өвлөөс өмнө тулгуур багануудынхаа ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Мөн кабинуудыг одоогоор оруулж ирээгүй байгаа аж. Учир нь ирэх гуравдугаар сараас эхлэн кабинуудаа байрлуулж эхлэх учир тухайн үед нь кабинуудыг оруулж ирэхээр тохиролцжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, "Францын "Фома" групп нь дүүжин тээврийг хэрэгжүүлэгч дэлхийн томоохон хоёр группын нэг нь. Энэ групп дэлхийн 60-аад улсад дүүжин тээврийг нэвтрүүлсэн. Хятад ч хоёр дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлж байгаа. Туршилтын хугацааг хүмүүс буруу ойлгоод, 3-6 сар хий хоосон явуулаад байна гэж ойлгоод байх шиг байна. Тэр нь хий хоосон ойлголт. Захиалагч болон гүйцэтгэгч нар эхлээд туршилтаа хийнэ. Ингэхдээ 98 кабин болгонд дээд даацаар нь ачаа ачиж кабин болгоныг шалгана. Тэгээд тоног төхөөрөмжийг шат дараатайгаар хийнэ. Бид шалгаад болсны дараа улсын комиссыг ажиллуулна. Ингэхдээ бас туршилтыг гурван сар хийнэ. Ийнхүү туршилтын хугацааг 6 сар гэж тохирч байгаа. Ирэх оны аравдугаар сараас эхлэн нийслэлчүүд дүүжин тээврээр зорчиж эхэлнэ” гэв.  




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө