Улсын арслан Э.Батмагнай жимни машинаа өөрийн багш С.Мөнхдуулдахад бэлэглэжээ

Улсын арслан Э.Батмагнай жимни машинаа өөрийн багш С.Мөнхдуулдахад бэлэглэжээ

Монгол Улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг "Бридж Корпораци" нь Сүзүки Жимни машиныг Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунаж барилдан давж, заан цолны болзол хангасан хүчит бөхөд олгож ирсэн уламжлалтай.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан болсон билээ. Тэрбээр долоогийн даваанд Улсын заан Б.Бат-Өлзийтэй тунаж барилдан давсан юм. Тэгвэл "Бридж Корпораци" нь "Сүзүки жимни" машиныг Улсын арслан Э.Батмагнайд өчигдөр /2025.09.04/ гардуулан өглөө. Харин Улсын арслан Э.Батмагнай тус машинаа өөрийн багш С.Мөнхдуулдахад бэлэглэжээ.

Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газар (БТСГ), "Байдрагийн хүчтэн" дэвжээний дасгалжуулагч С.Мөнхдуулдах 2010 оноос тус дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж, нутагтаа чөлөөт бөхийн спортыг хөгжүүлж буй нэгэн. Түүний шавь нар дундаас улсын болон олон улсын тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн. Тэдний нэг нь улсын арслан Э.Батмагнай юм.