Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн археологийн малтлага судалгааны баг, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн судлаачидтай хамтран Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Мазар багийн нутагт орших эртний хотын тууринд анхны археологийн малтлагыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү эртний нууцлаг хотыг 1957 онд нэрт археологич Хөдөөгийн Пэрлээ нутгийн ардын аман ярианд тулгуурлан тэмдэглэж үлдээсэн хотын тууринд өмнө нь мэргэжлийн судлаачдын малтлага судалгаа хийгдэж байгаагүй бөгөөд энэ удаагийн судалгаагаар агаарын зураглал, хотын дэвсгэр зургийг гаргаж, хотын хоймор хэсгийн барилгын үлдэц дээр сорилтын малтлага хийгдсэн байна. Судалгаагаар Юань гүрний (1271–1368) үед холбогдох шаазан, шавар савны хагархай, тэрэгний цөн, төмөр хутга, анжисны хошуу зэрэг ахуйн хэрэглэгдэхүүн илэрсэн байна. Мөн Өмнөд Сүн улсын (XI зуун) үеийн зоос илэрсэн нь тухайн үед Монголын нутгаар дамжин худалдаа, солилцоо өрнөж байсныг илтгэх түүхэн ховор олдворууд олдсон байна.