Баянхонгорын Галуут суманд “Гацуурт” компани хууль зөрчиж, иргэдийг дарамталж буй асуудалд анхаарахыг хүслээ

Баянхонгорын Галуут суманд “Гацуурт” компани хууль зөрчиж, иргэдийг дарамталж буй асуудалд анхаарахыг хүслээ

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт “Гацуурт” компанийн удирдлагууд хууль зөрчиж байгаль орчинд хохирол учруулж, хүний эрхийг зөрчдөг талаар малчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд манай нутгийн ард иргэдэд эрүүл аюулгүй орчинд аж төрөх боломж нөхцөл алга. Иймд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж мэдээлэл хийж байна. Төрийн тэргүүнүүд биднийг хүлээж авч уулзахыг хүсэж байна гэлээ.

ВИДЕО:

Баянхонгор аймгийн малчин Ж.Гандэлгэр “Манай нутаг бол ховор нандин амьтад, ургамалтай. Үзэсгэлэнт нутаг. Ургамал гэхэд 100 гаруй ховор эмийн ургамал бий. Бидний мэдэх нь энэ. Мэдэхгүй хэд байхыг үгүйсгэхгүй. Малчдынхаа дуу хоолойг сонсож бидэнд тулгамдаад байгаа асуудалд анхаарахыг хүсэж байна. “Гацуурт” компани манай нутагт 2017 оноос үйл ажиллагаа явуулснаас хойш амар тайван байх нөхцөл үлдсэнгүй. Тус компани хээр яваа малчныг хүртэл тайван байлгахгүй дээрэлхэж, хэл амаар доромжилдог. Холбогдох бүх шатны албан тушаалтнуудад хандаад хүчрэхгүй байна. Бүгд худалдагдсан" гэлээ.

Экологич Д.Туяа “Гацуурт компани 2017 онд байгаль орчинд нөлөөлөх нарийссан үнэлгээний тайланг батлуулахгүйгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Найман жилийн хугацаанд малчид цагдаагийн байгууллагат хандаж ирлээ. Хэн ч тоохгүй хариуцлага тооцохгүй байна. Цагдаа, прокурорын байгууллагатай тус компани үгсэн хуйвалддаг. Дээр нь эсэргүүцсэн иргэдийг дарамталж, хэл амаар доромжилдог. Соёлын өвд бүртгэлтэй түүхэн өвийн дурсгалтай газарт уул уурхай явуулж байгаа нь мөн л хууль зөрчиж байгаа үйлдэл. Засгийн газарт энэ газар нутгийг хамгаалах эрх нь бий. Иймд нутгийн эрхэм гишүүн, Засгийн газрын тэргүүн Г.Занданшатарыг энэ асуудалд анхаарахыг хүсэж байна” гэв.