Дархан сумын дөрөвдүгээр багийн нутаг дөрвөн замын уулзвараас Дархан өртөө хүртэлх авто замыг иж бүрэн тохижуулж уржигдар /2025.09.03/ нээлээ. Уг өргөн чөлөөг Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны нэрэмжит гудамж болгосон байна.
Ю.Цэдэнбалын нэрэмжит гудмыг 1.2 км ногоон байгууламж, амрах хэсэг, олон улсын стандартын шаардлага хангасан явган хүний болон дугуйн зам тавьж шинэчилжээ. Үүнээс явган хүний замын 100 гаруй метр хэсгийг Монголдоо анх удаа доороосоо халдаг технологиор хийжээ. Ингэснээр өвлийн улиралд хөлдөхгүй, халтиргаа гулгаа үүсэхгүй юм. Цаашид уг технологийн туршилтын хугацааг амжилттай давсан тохиолдолд үе шаттайгаар орон нутагтаа нэвтрүүлэх юм байна. Улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр "Цахимбар инженеринг” ХХК хоёр жилийн хугацаанд ажиллаж ашиглалтад оруулсан байна.