Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирснийг дурдав.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг танилцуулан, 2026 онд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал (COP-17)-ыг зохион байгуулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улс бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа болох “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, ОХУ, БНХАУ-тай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төсөл, мөн байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. ШХАБ-ын гишүүн бүх оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга” нь НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийг чухалчлан онцолсныг талархан сайшаав.
Энэ удаагийн дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Вьетнам, Малайз, Индонез, Лаос, Камбож, Туркменистан, Египет, Мальдив, Балба зэрэг улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар оролцлоо.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ермекбаев, ТББ болон бүс нутгийн олон улсын байгууллагуудын удирдлагууд хуралдаанд оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чиглэсэн өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа.