Э.Батшугар: "Хар жагсаалт"-ыг халж, зээлийн онооны системд шилжлээ

Э.Батшугар: "Хар жагсаалт"-ыг халж, зээлийн онооны системд шилжлээ

Банкны хар жагсаалтыг халж буй талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар болон холбогдох албаныхан өнөөдөр /2025.09.01/ мэдээлэл хийлээ. Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөдөрөөс /2025.09.01/  хэрэгжиж эхэлж байна. Тус хууль хэрэгжиж эхэлснээр иргэд зээлийн онооны системд шилжиж, хар жагсаалт байхгүй болж байгаа юм.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар "Миний бие 2025 оны тавдугаар сард Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлан УИХ-аар батлуулсан. Үүний дагуу өнөөдөр /2025.09.01/ Монголбанкны Ерөнхийлөгч тушаал гаргаж, Аж ахуй нэгж болон иргэдийн арилжааны банкны хар жагсаалтыг хүчингүй болголоо. Энэ тушаал зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлдэг бүх байгууллагат хамаарна. Ингэснээр нийт 70 мянга орчим иргэн, ААН хар жагсаалтаас гарч байна гэж ойлгож болно. Хар жагсаалт гэдэг зүйл үндсэндээ ял байсан. Хар жагсаалтад багтсан иргэн авсан зээлээ бүрэн төлсөн ч дахин зээл авах хүртэл зургаан жил хүлээх шаардлагатай байсан. Харин шинэ зохицуулалтаар зээлээ хугацаанд нь төлсөн иргэнийг урамшуулдаг онооны систем рүү шилжиж байна. Ингэснээр илүү таатай нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авах боломж бүрдэж байна" гэв.