Электрон тамхи улсад ямар нэгэн татвар төлдөггүй гэх О.Номинчимэг гишүүний мэдэгдлийг ГЕГ няцаажээ

Электрон тамхи улсад ямар нэгэн татвар төлдөггүй гэх О.Номинчимэг гишүүний мэдэгдлийг ГЕГ няцаажээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Тамхины хяналтын тухай хууль"-ийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд хууль санаачлагч гишүүдийн төлөөлөл болон боловсролын байгууллагын ажилтнуудын хамт мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар болон О.Номинчимэг нар "электрон тамхи нь “электрон бараа” гэсэн ангиллаар орж ирдэг, улсад ямар нэгэн татвар төлдөггүй” хэмээн мэдэгдсэн. Гэвч уг мэдээллийг Гаалийн ерөнхий газар албан ёсоор няцааж, залруулга гаргалаа.

Тус мэдэгдэлд электрон тамхи, түүний хэрэгсэл нь ямар ч татвар төлөхгүйгээр улсын хилээр нэвтэрч байна гэсэн мэдээлэл ташаа болохыг Гаалийн ерөнхий газар онцолжээ. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн шинэчлэлээр "Нэг удаагийн электрон тамхи, түүний шингэн болон картриж: Зүйл 24.04 буюу “Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл тамхи, никотин орлуулагч агуулсан, асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн; хүний биед никотин өгөх зориулалттай, никотин агуулсан бусад бүтээгдэхүүн” гэсэн ангилалд багтсан" гэжээ. Электрон тамхи нь олон улсын барааны ангиллын дагуу тодорхой кодтойгоор гаалийн бүрдүүлэлт хийгдэж, холбогдох татвар, төлбөр нь хуулийн дагуу ногдуулж буйг мэдэгдэв.