Э.Сүхбаатар: Хүмүүс хэрээг маань хараад “нүдийг чинь тоншино доо” гэдэг ч, манай “Чарлаа” үнэхээр ухаантай амьтан

Э.Сүхбаатар: Хүмүүс хэрээг маань хараад “нүдийг чинь тоншино доо” гэдэг ч, манай “Чарлаа” үнэхээр ухаантай амьтан

Хүмүүс нохой, муур, загас их тэжээдэг. Мэр сэр шувуу тэжээдэг хүмүүс байх ч төдийлөн ховор.  Тэгвэл бид энэ удаа хэрээ тэжээж байгаа шивээсчин залуу болох Э.Сүхбаатартай ярилцлаа. Түүний хувьд хоёр сарын өмнө үүрнээсээ унасан байсан хэрээний зулзагыг аван тэжээж, Чарлаа гэдэг нэр өгчээ. Мөн тэд хамтдаа сонирхолтой богино хэмжээний бичлэг хийж, цахим сүлжээнд байршуулдаг нь олон хүний анхаарлыг татаж, магадгүй зарим хүмүүсийн “хэрээ тэжээж болохгүй” гэсэн бодлыг өөрчилж байгаа байх. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Юун түрүүнд өөрийгөө болон хэрээгээ манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Э.Сүхбаатар гэдэг. 26 настай, шивээс хийдэг. Бас хэрээ тэжээдэг. Манай хэрээ Чарлаа гэдэг нэртэй. Одоо хоёр сартай.

-Чарлаагаа анх авсан талаарх түүхээ хуваалцаач?

-Би ер нь багаасаа хэрээ тэжээхийг хүсдэг байж байгаад өнгөрсөн өвлөөс хойш нэлээд судалж, хэрээ тэжээдэг хүмүүс хайж эхэлсэн. Тэгээд өнгөрсөн тавдугаар сард манай нэг ах над руу залгаад “үүрнээсээ уначихсан хэрээ байна. Чи авах уу” гэж хэлсэн юм. Тухайн үед  “тэгье, тэгье” гээд бөөн баяр болоод л анх Чарлаагаа олж авч байсан даа.

-Хэрээ тэжээх талаар хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Ямар хоол иддэг юм бэ?

-Зөвхөн мах иднэ гэсэн ойлголт байхгүй. Бүх зүйлийг иддэг болохоор их амар байдаг. Ногоо, жимс, үр тариа, талх, өндөг идэж болно. Ер нь л олон төрлийн хоол иддэг дээ.

-Хэрээ тэжээдэг хүмүүс Монголд харьцангуй цөөхөн л дөө. Ер нь хэрээ хүнд хэр дасамтгай амьтан бол?

-Хэрээ хүнд маш хурдан дасдаг. Дасан зохицох чадвараараа амьтдаас хамгийн эхэнд ордог юм билээ. Гэхдээ гэрт тэжээхэд бүгчим газар бол жаахан хэцүү. Ам нь ангалзаад, ус нэхээд, бүгчимдээд байдаг юм. Бас хөршүүд нь ойлгодог айл л байхгүй бол дуу чимээ ихтэй, сахилгагүй, энд тэндгүй баачихдаг. Гэхдээ замбараагүй байна гээд торонд хамаагүй хийчхэж бас болохгүй. Жигүүртэн амьтан учраас торонд хийчихвэл стрэсстээд, нэлээд бухимддаг гэж сонссон.

-Хоорондоо сайн ойлголцож байна уу?

-Бид хоёр ер нь үг хэлээрээ биш үйлдлээрээ, зөнгөөрөө ойлголцчихдог. Харцаараа ч гэх юм уу. Надад их эрх. Ажлаа хийж байхад хүртэл мөрөн дээр ирээд суучихна. Ер нь миний мөрөн дээр байх л их дуртай.

Хүмүүс гаран дээрээ ч юм уу суулгахаар нэг их удаан байхгүй. Буцаад л над руу үсэрчихнэ. Ер нь миний Чарлаа их эрх амьтан даа. Ойлголцоход бид хоёр үг хэлнээс илүү зөнгөөрөө ойлголцчихдог гэж боддог. Бүр хар нялхаас нь тэжээсэн болохоор юу нэхээд байгаа, яах гээд байгааг нь маш сайн ойлгодог болчихсон. Заримдаа юм аваад зугтаачихна. Махыг нь гэсгээгээд хэрчиж байхад хөлдүү мах аваад зугтчихдаг ч юм уу, утсаа оролдоод тоохгүй байвал эрхлэх гээд хажууд хүрч ирээд, бүр болохгүй бол утасны цэнэглэгч салгачихдаг. Ер нь их адтай амьтан даа.

-Хөлд байгаа уяаг нь гадуур явахдаа ашигладаг юм уу?

-Хөлнөөс нь уясан байгаа уяаг хүмүүс их асуусан байсан. Бид хоёр шөнөөр гадуур их алхдаг. Өдөр ч их явдаг. Чарлаа маань одоо дөнгөж нисэж сурч байгаа болохоор ийш тийшээ нисчих гээд байдаг. Өчигдөр орой гэхэд л ажлаасаа тараад явж байсан чинь гэнэт нисэж яваад нэг хашаан дотор буучихсан. Араас нь яваад очсон чинь яг хажууд нь муур байсан. Хэрвээ намайг очоогүй жаахан удсан бол тэр муур хэрээг маань идчих байсан байх. Энэ маань муур нохойноос айж мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор гэнэт нисээд муур нохойны хажууд очоод суух, машины урдуур орох ч юм уу эрсдэлтэй байдаг учраас урьдчилан сэргийлээд давхар уяагаар барьдаг юм.

-Гадуур Чарлаатайгаа цуг явж байхад хүмүүс ихэвчлэн ямар хандлага гаргаж байна?

-Гадуур явж байхад хүмүүс мах өгөх, жимс өгөх ч юм уу хүмүүс их өхөөрддөг. Саяхан талбайн урд талын CU-гийн хоёр ажилтан гарч ирээд боорцог, ус өгч байсан. Ер нь хүн болгоны л хайрыг татаад байгаа юм даа. Ер нь би хэрээнээсээ нэг их хол байж үзээгүй. Фитнестэй явахдаа л хоёр цаг тусдаа байдаг байх. Бусдаар бол өдөржин шөнөжин л хамт байдаг. Өглөө сэрүүлэг шиг намайг тоншиж сэрээнэ.

-Эсрэгээрээ цэрвэх, муухай хандах хүмүүс ч байдаг байх?

-Юм болгон хоёр талтай шүү дээ. Сая улсын наадам дээр хүртэл хоёр хүнтэй маргалдсан. Чарлаа маань миний мөрөн дээр сууж байгаад нисээд явчихгүй юу. Тэгсэн тэр хүн нь малгайгаараа цохиж хөөгөөд байсан. Ер нь хэрээний хар зүснээс нь болдог ч юм уу муу ёрын шувуу гэдэг хандлагатай хүмүүс олон. Миний рийл хийж эхэлсэн шалтгаан бас үүнтэй холбоотой. Нийгэмд хэрээний талаар буруу ойлголттой хүмүүс маш олон бий. Тэр хүмүүст хэрээ хүнтэй нөхөрлөж чаддаг, муу муухай биш, хүний анд нөхөр болж чадах амьтан шүү гэдгийг харуулах гэж рийл хийж эхэлсэн.

Цагаа тулахаар хэрээ үнэхээр эгдүүтэй, хөөрхөн амьтан шүү дээ. Би муур тэжээж үзээгүй л дээ. Гэхдээ яг муур шиг санагдаад байдаг юм.

Манай хэрээ хүн рүү дайрдаггүй. Зүгээр тоглох гээд хүний хувцаснаас зулгаадаг ч юм уу тийм үйлдэл л гаргана.

-Хэрээг нэлээд ухаантай амьтан гэж ярьдаг. Ямар нэгэн команд сургасан уу?

-Сэтгэн бодох чадвар нь 6, 7 настай хүүхдийнх шиг байдаг гэсэн. Манай Чарлаа хоолныхоо дуудлагыг мэднэ. Гар дээрээс мөр лүү гарч мэднэ. Холоос дуудахад бас ирнэ. Гэхдээ жаахан болохоор нэг их зүйл сураагүй байгаа.

-Тэжээвэр амьтад эзнийхээ сэтгэл зүйг их сайн мэдэрдэг юм шиг санагддаг. Чарлаа ямар вэ?

-Хааяа сэтгэл санаа жаахан муу болчихсон үед хажууд ирээд налаад л хэвтээд байдаг. Ер нь их хөөрхөн, байнга хайр хүргээд байдаг юм. Бас их сахилгагүй. Энд тэнд аяга хагална. Гэр буулгана. Гэсэн ч дээшээ хараад л өрөвдөлтэй царай гаргахаар нь хайр хүрээд яаж ч чаддаггүй дээ. Бас хүмүүс хэрээг тэнгэр ч юм уу сүнслэг утгатай их холбодог шүү дээ. Манай Чарлаа тэнгэр бүүдгэр өдөр тэнгэр лүү харчихаад сонин авиа гаргаад байдаг.

-Байгальд нь тавих бодол бий юу?

-Байгальд нь бага багаар дасгаж байгаад тавина даа. Одоо нисэх дадлага хийж байгаа. Сайн нисээд сурчихаар нь ан хийлгэж сургана. Бас байгальд нь хонуулна, дасгаж байгаад байгальд нь тавих бодолтой байгаа. Хэрээ байгалийнхаа жамаар байгальдаа амьдрах ёстой шүү дээ.

-Монголд хэрээ үзэж, оношилдог амьтны эмнэлэг байдаг уу?

-Монголд шувуу үзэж, оношилдог малын эмч байдаггүй юм билээ. Бас вакцин, эм, витаминууд нь Монголд огт байдаггүй. Хэрээ тэжээдэг хүмүүс нь дандаа гаднаас оруулж ирдэг юм байна лээ.

-Хэрээ тэжээхийг хүсдэг хүмүүс олон байдаг юм билээ. Гэхдээ зориглож тэжээж чаддаггүй юм шиг байгаа юм. Ер нь хэрээ тэжээмээр байгаа хүмүүст зөвлөж хэлэх зүйл бий болов уу?

-Өдөржингөө хамт байж чадах хүн л тэжээх хэрэгтэй. Түүнээс биш оффисын ажил хийдэг, өдөржингөө хамт байж чаддаггүй хүмүүс тэжээгээд хэрэггүй дээ. Энд тэндгүй баачихдаг ер нь их заваан амьтан болохоор нэлээд анхаарах хэрэгтэй. Бас амьтан ч гэсэн хүнтэй ижил тэгш эрхтэй байх ёстой. Бид бүгд нэг дэлхий дээр амьдарч байна. Хүн гэхээрээ л бусад амьтдын эзэн биш. Байгаль дээр зохицож, харилцан эв найрамдалтай, дасан зохицож амьдрах ёстой.